Төдийлөн бичиг цаас шидлээд явдаггүй тэрбээр Улсын ерөнхий прокуророос спикерийн нэр дээр ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичигт жигтэйхэн хурдан хариу өгсөнд олон хүн гайхаж байна. Өөрийнх нь хэлснээр Улсын ерөнхий прокурорт илгээсэн хариу бичигтээ “УИХ уг асуудлыг хэлэлцэх боломжгүй” хэмээсэн бололтой. Уг нь ийм асуудлыг шийдэх гэж чамгүй уддаг. Харин хүссэн л бол тийм хэцүү, цаг хугацаа шаардсан ажил биш бололтой.
Тэгэхээр “Д.Дондогийг яахаа өөрөө мэд” гээд түлхчихсэн мэт санагдаад байгаа юм. Уг нь “Эр хүн эр хүндээ хайртай” гэдэгсэн. Хайртай байдаггүй юмаа гэхэд хазайхад нь түлхчихсэн бол муухай л даа. Ямартай ч Д.Одбаяр гишүүн огцом түргэн ажиллаж, эрхэм гишүүн Д.Дондог энэ сард тун “одгүй” явааг энэ үйл явдал харуулав.
"Улс төрийн тойм" сонин