Иргэн аж ахуйн нэгж та нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгоход 28 хоног үлдлээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд хоёр сар гаруй хугацаа өнгөрөхөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн, татвар төлөгчид далдалсан хөрөнгөө гаргаж ирэх сонирхолгүй байна гэж Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Харин хуулийн этгээд, компани, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд төлөөгүй татвар, хураамжаа ил болгох ажилд идэвхтэй хамрагдаж байгааг онцоллоо. Хуулиараа гудсан доогуураа хийсэн хөрөнгөө ямар аж ахуйн нэгж, иргэн ил болгож, хэдэн төгрөгийн татварын хураамж төлсөн бэ гэдэг нууц. Иймээс хэн нэгнээс ичиж, санаа зовохгүйгээр ялангуяа хувь иргэд буюу татварын цэнхэр дэвтэртэй хүн бүр татварын байгууллагад хандаж, татвар төлөгч болохоо албан ёсоор бүртгүүлээрэй гэдгийг татварынхан санууллаа.
Хэрэв хуулийн хугацаанд буюу энэ ондоо багтан цааш хийсэн хөрөнгөө ил болгож, албан ёсны татвар төлөгчөөр бүртгүүлэхгүй бол хэзээ нэгэн цагт таны бизнес эрсдэлд орно гэж ТЕГ-аас анхааруулж байна. 2016 он гарангуут татварынхан өргөн хүрээний шалгалтыг аж ахуйн нэгж, иргэдийн дунд явуулна. Давхар аудитын шалгалт хийгдэнэ. Энэ тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхлэгч бизнесмэн, аж ахуйн нэгж таны нуусан татвар ил болбол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, 30-50 хувийн алданги тооцож, торгууль тавих юм байна.