CNN агентлагийн сурвалжлагч Фарийд Закария Афганистан улсын Ерөнхийлөгч Хамид Карзайтай АНУ цэргээ татаж эхэлсэн болон сүүлийн үед талибанчууд хаа сайгүй террорист халдлага үйлдэх болсонтой холбогдуулан сонирхолтой ярилцлага хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хамид Карзай нь Б.Обамад Исламын орнуудаас цэргүүдээ татаж эхэлсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.
-Ноён Ерөнхийлөгч өө, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг Афганистан улсаас цэргүүдээ эх оронд нь буцаах шийдвэр гаргахад Афганистан улсын ард түмэн баяртай байх шиг байсан. Цэргүүдийг хурдан буцаах боломжтой ч нэлээд сунжрах төлөвтэй байна. Хэрэв та шидэт дохиуртай байсан бол юу хийх байсан бэ?
-АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр нь Афганистан улсын ард түмэнд томоохон баяр авчирсан гэж хэлж болно. Эхний ээлжинд явуулах цэргүүдийг болон дараа, дараагийн ээлжийн цэргүүдийн аюулгүй байдлыг манай улсын зүгээс хангахаар болсон. Өндөржүүлсэн бэлэн байдалд бид америк цэргүүдийг нутаг руу нь буцаахыг хичээнэ. Үүнд шидэт дохиурын шаардлага байхгүй.
-Улаан загалмайн нийгэмлэгээс “Афганистаны цэргүүд яаж америк цэргүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангах юм бэ” гэсэн байсан. Та энэ тал дээр арай дэлгэрэнгүй тайлбар өгөөч?
-Энд ойлгомжгүй зүйл бараг байхгүй шүү дээ. Цаад утгаараа Афганистаны цэргүүд америк цэргүүдийг гаргаж өгөхдөө хайхрамжгүй хандана гэсэн ойлголт яагаад бий болсныг ойлгохгүй байна. Бид бол бүхэл бүтэн улсаа хамгаалж буй армитай улс орон.
Ер нь олон улсын энхийг сахиулах байгууллага, НҮБ, НАТО зэрэг томоохон байгууллагуудын зүгээс манай улсын цэргүүдийг “маш сайн” гэж тодорхойлж байсан удаатай. Мэдээж өмнөх үеийг бодвол хамаагүй сайжирсан. Техник, технологиороо, армийн хүчин чадлаараа ч тэр.
-Гэхдээ Афганистаны, тэр дундаа Кабулын хувьд гадныхнаас хамгаалах хамгаалалт 66 хувиар өссөн шүү дээ. Та энэ талаар юу гэх вэ?
-Тэнд гэм буруугүй энгийн хүмүүс байна гэдгийг хэн нэгэн дүгнэх шаардлагатай болоод байна. Энэ олон халдлага, дайралт бүхэн бүгд өөр, өөрийн гэсэн шинж чанартай. Америк цэргүүд рүү юү, энгийн ард иргэд рүү юү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Тийм учраас аюулгүй байдлыг нь сайн хангахыг манай цэргүүд хичээж байгаа. Манай улсын хувьд америк цэргүүдээс олон зүйл сурсан. Бидэнд тэр болгон нарийн ширийн зүйл заагаад байдаг цэргийн арга барил ч байдаггүй. Одоо манай улсын цэрэг арми нэг алхам урагшилсан гэдэгт итгэлтэй байна.
-АНУ-ын цэргүүдийг нутаг буцаах шийдвэр хэдийгээр танай орны хувьд сайн мэдээ боловч нөгөө талаар том хамгаалалт чинь байхгүй боллоо гэсэн үг. Одоо Афганистанд урьдын адил дэлбэрэлт, бөмбөгдөлт зэрэг элдэв халдлага болохгүй гэх баталгаа байхгүй боллоо. Өчигдрийн байдлаар л гэхэд Кабулын зочид буудлыг бөмбөгдчихлөө. Талибанчууд гэдэг том асуултын тэмдэг урган гарч ирэв бололтой?
-Тийм ээ, талибанчууд багагүй хүндрэл учруулсаар байгаа. Бид ойрын үед жинтэйхэн шиг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар энгийн номхон иргэд рүү дайрч, хүүхэд, хөгшдийг ч алж, хядаж буй нь үнэхээр аймшигтай. Энэ тал дээр НҮБ цэрэг хөдөлгөхгүй нь ойлгомжтой. Бид ч гуйгаад байхгүй. Асуудлын гол нь “Тэд цаашид энэ хэвээр халдлага хийсээр байвал яах вэ” гэдэгт л байна. Пакистан, Ирак, Иран зэрэг орон манай улстай хамтран талибанчуудыг цэвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
-Афганистан улс чөлөөт нийгэмд бэлэн бус байгаа талаар шинжээчид онцолсон. Та юу гэж бодож байна вэ?
-Манай улсын хувьд өнгөрсөн арван жил бол маш том сургамж авч, туршлага нэмсэн тийм л он жилүүд байлаа. Ард түмэн маань ч их зовж, зүдэрлээ. Одоо бид алдаанаасаа суралцаж, хөгжил дэвшилд хүчтэй орох болно. Шинжээчдийн хувьд өөр, өөрсдийн дүгнэлтийг олон талаас тайлбарладаг. Миний бодлоор бид чөлөөт нийгэмд бэлэн байна. АНУ-ын зүгээс зарим зүйл дээр санхүүгийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа талаар Х.Клинтон хэлсэн.
-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд АНУ нийт 16 тэрбум ам.долларыг эмнэлгийн болон анхан шатны тусламж үзүүлэх, хоол хүнс нийлүүлэх зэрэгт зарцуулсан. Гэтэл энэ мөнгө хараахан ард түмэнд үр дүнгээ өгөөгүй мэт санагдсан?
-Афганистаны ард түмэнд зориулсан бүх мөнгө ард түмний л хүртээл болсон. АНУ бидэнд эерэг зүйл ихийг хийж өгсөн. Ард түмэнд зориулж сургууль, эмнэлэг байгуулсан. Гэхдээ АНУ бидэнд гол амин хэрэгцээ болох усны хангамж, цахилгааны тал дээр тусалж амжаагүй. Мэдээж манай улс бүхэлдээ цэвэр ус, цахилгаанаар тасалдаагүй. Алслагдсан газруудаар хэцүү байгаа. Гэхдээ дулааны тал дээр тусалсан. Кандагар дахь цахилгаан станцыг хамгаалсан. АНУ-ын Засгийн газраас 215 сая ам.долларыг цахилгаан үүсгэвэрт зарцуулсан гэх жишээтэй. Энэ мөчийг ашиглан АНУ-ын татвар төлөгч хүн болгонд Афганистан улсын зүгээс талархаж байгаагаа илэрхийлж байна.
Энэ талаар “Ройтерс” агентлаг “Афганистаны Ерөнхийлөгч одоо л терроризмын эсрэг дорвитой үг хэллээ. АНУ-ыг дэмжсэн байр суурьтай байгаа нь ил байна. Хэрэв америкчууд Афганистаныг орхин явбал, талибанчууд өөрсдийн ноёрхолыг Пакистан болон Афганистанд тогтоох болно” гэжээ. Ойрхи дорнодын улс төр судлаачид “Ямартай ч арав гаруй жилийн турш дайны хөлд дарагдсан афганчууд одоо л эрх чөлөөтэй болж, хөгжил дэвшлийн төлөө сэтгэл шулуудах нь” гэцгээж байна.