Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс иргэд худалдан авалт бүртээ төлсөн Нэмэгдсэн өртөгийн албан татварынхаа /НӨАТ/ хоёр хувийг буцаан авдаг болно. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс Татварын ерөнхий газар татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудас буюу www.ebarimt.mn сайтын туршилтын хувилбарыг он дуустал ажиллуулахаар болжээ. Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх. Мөн төлбөрийн баримтын мэдээлэл дээр үндэслэн одоо ашиглагдаж байгаа НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэх болох юм. Өөрөөр хэлбэл татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, иргэд дээрх цахим хуудсанд хандан татвар төлөгчийн дугаараа бүртгүүлж, цахим баримтын систем рүү шилжих туршилтаа хийх боломжтой юм байна.
Одоогоор ТЕГ-т албан ёсоор бүртгэгдсэн 39 аж ахуй нэгж байна. Баримт хэвлэх зориулалтын кассын машинтай 11 мянган орчим худалдаа, үйлчилгээний газар байх юм. Нөгөө талдаа заавал кассын машинтай бол гэж шаардахгүй. Баримт хэвлэдэг, тусгай программыг л компьютер, гар утас, мини таблет зэрэгтээ суулган, ашиглаж болох юм. Мөн та төлбөрөө банкны картуудаа ашиглан хийж болно. Мөн картгүй, бэлэн мөнгөтэй яваа үедээ худалдан авалт хийсэн тухайн газраасаа орлого зарлагын тусгай баримтыг шаардан авдаг болох юм. Дараа нь Татварын ерөнхий газрын цахим сайтад нэвтэрч, татварын бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлэн, өөрийн худалдан авалт бүрээ оруулж, хянана.