Энэ бол Хан-Уул дүүргийн 27 цэцэрлэгийн бэлтгэл ангийн төлөөлөл. Цаг минут тутамд багш нараасаа “яагаад” гэдэг асуултыг тавьж хариулт авдаг. Багшийнхаа заасан зургийг дуурайж зурах биш өөр өөрсдийнхөөрөө сэтгэж өнгө, будаг бүрийн учрыг олох эрмэлздэг, чөлөөтэй сэтгэж, ярилцдаг тэд бол 5-6 настнууд. 60 жилийн түүхтэй цэцэрлэгийн хуучин барилга нь хана, шалнаасаа нурж, дахин ашиглагдах боломжгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарч, нураагдсанаар өнөөдөр тэд шинэ цэцэрлэгийн байртай боллоо. Тодруулбал, нийслэлийн хөрөнгөөр барьж шилжүүлэх нөхцөлтэйгээр нэг тэрбум 610 сая төгрөг гаргаж, 27 дугаар цэцэрлэгийн барилгыг шинэчилсэн байна. Цэцэрлэгийн хуучин барилга 100 хүүхдийн багтаамжтай байсан бол шинэ байр нь 200 хүүхдийн багтаамжтай найман бүлэг ангитай болж өргөжжээ. Гэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоо нэмэгдсэн тул өмнө ч, одоо ч тус цэцэрлэг ачааллаа нэг дахин нэмж ажиллаж байна. Одоо тус цэцэрлэгийн гаднах тоглоомын талбайг тохижуулах ажил орхигджээ.
Сурах танхим, төлөвших анги нь томорч, тохь тухтай, аюулгүй болсонд талархаж буйгаа хүүхдүүд багш нартаа байнга илэрхийлдэг болжээ. Энэ бол нийгмээ дагаад бага насныхны сэтгэн бодох чадвар, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсны нэг илрэл гэж Ц.Гантуяа багш тайлбарлалаа.