Өнөөдрийн байдлаар Монголд 76 монополь, давамгай байдалтай 172 аж ахуйн нэгж байна. Ялангуяа тоотой хэдхэн, голлох салбарт дээрх аж ахуйн нэгжүүд байдаг аж. Тэгвэл эдгээр компаниуд нь зах зээл дэх монополь, давуу байдлаа ашиглан хэрэглэгчийг хохироох, бусад аж ахуйн нэгжээ зах зээлээс шахан гаргахад чиглэсэн үйл ажиллагааг илт явуулах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Ялангуяа үүрэн телефон, ус дулаан цахилгаан түгээх сүлжээ, уул уурхайн салбарт ийм үйлдэл гарсан нь ШӨХТГ-т бүртгэгджээ. Хуулиараа бол энэ үйлдлийг Өрсөлдөөний тухай хууль, “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-аар зохицуулдаг.
Тэгвэл өрсөлдөөнийг шударга явуулахын тулд Өрсөлдөөний тухай хууль эрхзүйн орчинг шинэчлэх шаардлага тулгарчээ. Тиймээс ШӨХТГ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд өрсөлдөөний тухай хууль эрхзүйн орчин шинэчлэхэд хамтран ажиллахаар болжээ.
Өнөөдрөөс эхлэн салбарынхан гурван өдөр өрсөлдөөний хууль эрхзүйн орчныг шинэчлэх асуудлаар хэлэлцэнэ. Ингэснээр олон монополь болон давуу эрхтэй компаниудын өрсөлдөөнийг зохицуулах, хууль бус үйл ажиллагааг хязгаарлах боломж бүрдэнэ хэмээн салбарынхан харж байгаа юм.