Хятад ”ганц хүүхдийн бодлого”-ыг өөрчлөхөөр зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Хятад ”ганц хүүхдийн бодлого”-ыг өөрчлөхөөр зэхэж байна

ХЯТАД “ГАНЦ ХҮҮХДИЙН БОДЛОГО”-ЫГ ӨӨРЧЛӨХӨӨР ЗЭХЭЖ БАЙНА

Хонконг бол Хятадын бие даасан засаглалтай онцгой хоёр бүсийн нэг нь юм. Энд эх газрын Хятадаас тусдаа орон нутгийн иргэншил олгодог. Хонконгтой адилхан нөгөө нэг газар нь Макао. Хятадад айл бүр ганц хүүхэдтэй байх бодлого баримталж, хүн амынхаа өсөлтийг хязгаарлахыг хичээсээр олон оныг үдэж байгаа билээ. Харин Хонконгийн Засгийн газар ирэх жилээс эхлэн эх газрын Хятадаас ирж, хүүхдээ төрүүлчихээд дараа нь нутаг буцдаг эмэгтэйчүүдийн асуудлыг цэгцлэхээр болжээ.

Хонконгийн төсвөөс санхүүжилт авдаг эмнэлэг бүрт эх газрын хятадын эхчүүдэд зориулсан 3400 ор байдаг. Түүнээс гадна хувийн хэвшлийн 10 гаруй эмнэлэгт 31 мянган орыг сул байлгах зөвшөөрөл олгосон байна. Харин Хонконгод очиж амарждаг эхчүүдийн тоо энэ оны эцэс гэхэд нийт хятад эмэгтэйчүүдийн долоон хувьтай тэнцэнэ гэх урьдчилсан таамаг гарчээ. Энэ бол асар их тоо хэмээн шинжээчид дүгнэсэн байна.

Өнгөрсөн жил Хонконгод ойролцоогоор 88 мянган эмэгтэй нярайлсны 45 хувь нь эх газрын Хятадаас ирсэн эхчүүд байжээ. Хонконгийн хувьд өмнө нь Их Британийн колони байсан учир тус улсын хуулийн тогтолцоог хуулбарлан авсан. Тиймээс Хятадын “ганц хүүхдийн бодлого” Хонконгод үйлчилдэггүй аж. Харин Хонконгод төрсөн хүүхдэд орон нутгийн иргэншил олгодог. Дараа нь эх газрын Хятадад очиход тэнд ямар ч асуудалгүй хүлээн авдаг байна. Энэ нь олон хүүхэдтэй болохыг хүссэн хятад эмэгтэйчүүдийг Хонконг руу явахад нөлөөлөх болсон байна. Гэтэл үүнээс болж Хонконгийн эмнэлгүүдэд сул ор олдохоо больж, хонконг эмэгтэйчүүдийн төрөлтөд хүндрэл учирч эхэлжээ. Тиймээс эх газрын Хятадаас ирж буй эхчүүдийн тоог хязгаарлах шийдвэр гаргахаас өөр аргагүй боллоо хэмээн холбогдох албаны хүмүүс тайлбарласан байна.

Хятад эмэгтэйчүүдийн хувьд Хонконгод хоёр, гурав дахь хүүхдээ төрүүлэхийн тулд төдийлөн их мөнгө зарцуулдаггүй аж. “Wall Street Journal” сонинд Шанхайгаас Хонконгод ирсэн, 39 настай Мэй Тинг хэмээх бүсгүйн тухай бичжээ. Тэрбээр өөрийн хоёр дахь хүүг өнгөрсөн сард Хонконгод төрүүлсэн байна. Хонконгийн “Баптист” гэдэг хувийн эмнэлэгт очихын тулд тэр 11.6 мянган ам.доллар зарцуулжээ. Дараа нь тэндээ гурван сар байрласны эцэст хүүгээ эсэн мэнд төрүүлсэн тухай Мэй Тинг сэтгэл хангалуун ярьсан аж. Гэтэл эх газрын Хятадад олон хүүхэд төрүүлбэл асар их хэмжээний мөнгөн торгууль төлнө. Ямартай ч Хонконг нь эх газрын Хятадаас ангид бие даасан засаглалтай онцгой бүс гэдэг утгаараа “ганц хүүхдийн бодлого” хэрэгжихгүй байх бо­ломжийг бүрдүүлжээ.

Хятадын Засгийн газар 1979 онд айл өрх бүр ганц хүүхэдтэй байх бодлогыг баримталж эхэлсэн билээ. Үүний ачаар тэрбумаар тоологдох хүн амын өсөлтийг бага боловч сааруулж чадсан. Хэрэв энэ бодлогыг хэрэгжүүлээгүй бол тус улсын хүн ам одоогийнхоос 400 саяар олон байх байж. Гэвч айл бүр голомт залгах хүүтэй болохыг хүсдэг. Үүний харгайгаар тус улсад эрэгтэйчүүдийн тоо давамгайлж эхэлсэн юм. Түүнчлэн Хятадын алслагдсан тосгон, суурингуудад шинээр дөнгөж төрсөн хүүхэд нь охин байвал тэр даруйд нь хороодог тухай олон улсын хэвлэлүүд шуугих болсон. Үүнийг орон нутгийн цагдаа нар мэддэг хэрнээ дуугүй өнгөрдөг зэргээс Хятад улсад хүний эрх зөрчигдөж байгаа тухай барууныхан шүүмжилдэг билээ. Нөгөө талаас, “ганц хүүхдийн бодлого”-ыг дагадаг хятадуудын тоо ч цөөрсөөр байгаа юм. Бүгд Хонконгод очиж хүүхдээ төрүүлэх зэрэг хуулийн цоорхой, нөхцөл боломжийг ашиглан ганцаас  олон хүүхэдтэй болох арга сэдсээр байна. Тиймээс Хятадын эрх баригчид хүн амынхаа бодлогыг өөрчлөх асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэж байгаа билээ. Энэ тухай тус улсын Гэр бүл төлөвлөлтийн комиссын ахлах зөвлөх нэгэнтээ “USA today” сонинд онцолж байв. Хятадын Засгийн газраас шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогыг эхний ээлжинд таван мужид турших юм. Ингэхдээ эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрнө. Ирэх оноос эхлэн энэхүү туршилтыг Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад хийж эхлэхээс гадна Хятадын хамгийн том дөрвөн мужийг ч хамруулах аж. Өөрөөр хэлбэл, Хятадын Засгийн газар айл өрх бүр хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч эхэлжээ. Хүн амын бодлого нь Хятадад нэлээд анхаарал татахуйц сэдэв болдог. “Нэг айл, нэг хүүхэд” бодлого хэрэгжсэн цагаасаа хойш хүн амын хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдахад нөлөөлсөн юм. “Ганц хүүхдийн бодлого” үндэстний цөөнх болон тариачдад хамаардаггүй. Жижиг ястнууд Хятадын хүн амын арав хүрэхгүй хувийг эзэлдэг. Харин тариачдын хувьд ажиллах хүчээр дутагдах аюултай учир энэ бодлого үйлчилдэггүй аж. Түүнчлэн хуульд захирагдахыг хүсээгүй чинээлэг хятадуудын талаас илүү хувь нь торгууль төлж, нэгээс дээш хүүхэдтэй болсоор байгаа юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж