Сонгуулийн тогтолцоог тодорхой болгохоор УИХ дахь Ардын нам болон Ардчилсан намын бүлгээс хамтарч ажилласан ажлын хэсгийнхэн зөвшилцөлд хүрчээ. Хоёр намын бүлэг өөрсдийн сонгосон сонгуулийн тогтолцоог хамгаалсан байр суурь дээр хатуу зогсож байгаа учир бүх нийтийн санал асуулга явуулж, ард түмнээр маргаанаа таслуулах хувилбар дээр санал нэгдсэн аж. Энэ талаар УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Хоёр намаас гарсан ажлын хэсгийнхэн өнөөдөр /өчигдөр/ зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож болно. Ардын намын бүлгийн хуралдаанаар “Сонгуулийн тогтолцоог ард түмний санал асуулгаар шийдэх нь зөв юм байна” гэсэн санал гаргаж, ажлын хэсгийнхнээр дамжуулж Ардчилсан намынханд дуулгасан. Харин Ардчилсан намынхан бидний саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Дөнгөж сая Ардын намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг танилцуулж, зөвшөөрсөн хариу авлаа. Тиймээс энэ амралтын өдрүүдэд санал асуулгыг ямар журмаар явуулахыг шийдэх юм. Мөн ямар асуултууд орохыг ч харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийднэ. Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь нэлээд маргаантай байгаа. Тиймээс Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг ч ард түмний санал асуулгаар тодорхойлохоор болсон” хэмээсэн юм.
Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Дээрх шийдвэрийг бүлгийн хуралдаанаас гаргасан гэж байна. Гэтэл Э.Бат-Үүл гишүүн гол шийдвэрийг Ардын намын Удирдах зөвлөл гаргаж, бүлгийнхэн дэмжиж байна гэж байгаа. Энэ шийдвэрийг Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргаагүй юу?
-Удирдах зөвлөлийн хуралдаан сая энэ асуудлыг сонсож, дэмжсэн. Үүнийг Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулахаас өмнө бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, ажлын хэсгийнхэнд танилцуулсан байсан.
-Ард түмний санал асуулга явуулахаар болсон бол Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж таарах нь ээ?
-Энэ амралтын өдрүүдээр техникийн чанартай асуудлуудыг цэгцэлж, чуулганы нэгдсэн хуралдаанд энэ асуудлыг оруулах байх гэж бодож байна. Тиймээс намрын чуулганаар л Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталж таарах нь.
Р.Сарангоо"Улс төрийн тойм" сонин