Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн 21 аж ахуйн нэгж байдаг. Жил бүр тэдэнд нийслэлийн төсвөөс үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын үйлчилгээнд явуулсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж, үүний үндсэн дээр төрөөс санхүүжилтийг олгодог байсан. Харин нийтийн тээвэр шинэчилсэн буюу цахим системд шилжснээр тухайн автобусыг хичнээн цаг хүн тээвэрлэснээс хамааран ажлын хөлс, зардлыг олгох шинэ гэрээг нийслэлийн Тээврийн газар, хувийн компаниудтай хийжээ.
Ингэхдээ тухайн өдрийн нийт орлогын 10 хувийг "Улаанбаатар смарт карт" компани үйлчилгээний хөлс болгон авна гэж тохиржээ. Мөн хувийн компаниудад орлогыг буцаан тушаахдаа хоёр, гурван хоногийн дараа тухайн автобусны ирисийн тоо, цагийн бүртгэлийг шалгаж орлогыг бодож өгөх үүргийг "Улаанбаатар смарт карт" компани хүлээжээ. Гэтэл өнгөрсөн наймдугаар сараас хойш буюу 70 хоногийн хугацаанд хувийн компаниудын ажлын хөлсийг бодож, санхүүжилтийг олгохдоо "Улаанбаатар смарт карт" компани хайхрамжгүй ажиллаж, компаниудад их хэмжээний мөнгөн дүнгийн хохирол учруулсан. Гэрээнд заасан ёсоор нийтийн тээврийн үйлчилгээнд явсан компаниудын цагийг бодохдоо нэгдсэн хяналтын системийг ашиглаагүй, орлогын мөнгийг компаниудад хуваарилахдаа нийт орлогоос 50, 60 хувиар нь дутаасан зэрэг мөнгөний маргаан шинэчлэл хийгдсэнээс хойш тасраагүй тухай хувийн хэвшлийнхэн ярив.