Унаач хүүхдүүд стандартын хувцастай болно

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Унаач хүүхдүүд стандартын хувцастай болно

Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар өчигдөр Үндэсний морины уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагад Монгол Улсын стандарт тогтоон баталсан байна. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын дарга Д.Алтай, Морин спортын үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Хүүхдийн төлөө газрын мэргэжилтэн Д.Энхтуяа нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Улсын хэмжээгээр 40 гаруй мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдгээс 20 гаруй мянга нь хурдан морь унаач хүүхэд байдаг аж. Жилд давхардсан тоогоор 150 орчим удаа морин уралдаан болдог, олон хүүхэд бэртэж гэмтэж, амь насаа алдах тохиолдол ч гардаг. Үүнээс сэргийлж олон улсын стандартад тохирсон малгай, цээживч, хантааз, мөрний хамгаалалт, өвдгөвч, нүдний хамгаалалт зэргийг 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөхөөр болжээ. Гэхдээ эхний 500 хувцсыг авчирсан бөгөөд удахгүй болох баяр наадмаас эхлэн туршилтын журмаар хэрэглүүлэхээр болсон байна. Нийт 3000 орчим хувцастай бол хэрэгцээг бүрэн хангах бөгөөд нэг хувцсыг гурваас тав, бүр найман жил хэрэглэх эдэлгээтэй, буцааж хурааж авахгүй аж. Хэдийгээр өртөг өндөр ч хүүхдийн амь насыг үнээр хэмжиж таарахгүй,  одоогоор төлбөрийг тогтоогоогүй байгаа гэнэ. Морины эмээл, хазаар, ташуур бас стандарттай болсон байна.Европын холбоо, АНУ-ын стандартын дагуу Монгол Улсын стандартыг боловсруулжээ. Нүдний хамгаалалт нь шил шиг хагардаггүй, цантдаггүй зэрэг онцлогтой юм байна.

Уяачид үндэсний онцлогтой байх ёстой гэдэг, үндэсний хувцсаа хамгаалалтын хувцасны гадуур өмсч болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Нэг хүүхэд хэд хэдэн насны морь унадаг. Эхний уралдаанд бэртэж гэмтсэн хүүхдийг дараагийнхад оролцуулахгүй байх, шилдэг унаач хүүхдэд үндэсний спортын мастер, дэд мастер цол олгож байхаар болсон байна. Өнгөрсөн жил эхний гурван дэд мастер төрж, энэ жил ч гурван мастер, хэд хэдэн дэд мастер төрүүлэхээр болжээ. Мөн хамгийн их амжилт гаргасан есөн хүүхдэд шилдэг унаач гэсэн гэрчилгээ олгосон байна. “Авьяас” медальтнууд ч тодорчээ.  Долоон нас хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй гэдэг ч нас нэмж уралдуулах явдал гарсаар байгааг энэ үеэр анхааруулж байв.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж