Төрийн бичгийн тухай хууль хэрэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Төрийн бичгийн тухай хууль хэрэгтэй болжээ

ТӨРИЙН БИЧГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

“Алдаатай бичдэг нь миний буруу биш” хэмээн адгах хүмүүсийг зарим талаар буруутгах аргагүй гэх нь бий. Учир нь, англи, орос хэлний зөв бичих дүрэмд тухайн улсынх нь ямар ч гүүш засвар хийж зүрхлээгүй байхад манайхан нэг үгийг хэдэн янзаар бичдэг зовлонтой улс билээ. Тиймдээ ч бичгийн хэлний зөв бичих дүрэмдээ хүртэл “гар хүрэх” гэж оролддог болсон, энэ үед. Саяхан монгол хэлэнд хоёр, гурван янзаар бичдэг үгийг “журамлахаар” хэл шинжээчид цуглажээ. Хоёр өдрийн турш тэд  Монгол Улсын Боловсролын их сургууль дээр зөвлөлдсөний эцэст кирилл монгол бичгийн зөв бичгийн стандартыг тогтоох шаардлагатай гэдэгт санал нийлсэн байна. Мөн олон янзаар бичдэг үгийг нэг мөр болгосон байна. Ингэснээр хоёр гурван янзаар бичдэг 700 гаруй үгийг цэгцэлжээ. Тухайлбал, авилга-авлига, амирлангуй-амарлингуй, өсч-өсөж, бүрчилэн-бүрчлэн зэрэг үгийн аль нь зөв болохыг тодорхойлсон байна. Хэл шинжлэлийн эрдэмтэд тун удахгүй  дээрх үгсийг эмхэтгэн толь бичиг гаргахаар зэхэж байна. Дараа нь ерөнхий боловсролын дунд сургууль, хэвлэл мэдээлэл, их, дээд сургуулиуд, албан байгууллагуудад тарааж хэвшүүлэх аж.

ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ БОЛ ХЭЛ ШИНЭЧЛЭЛ ДЭХ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЮМ

“Монгол хэл зөв бичих дүрэмгүй болчихжээ” гэх шүүмжлэл хүчтэй өрнөж буй. Мөн “Сүүлийн үед “эрдэмтэй” хүн дэндүү олдчихоод санаан зоргоороо бичдэг болж” гэж шүүмжлэх нь ч бий.  Харин зөв бичих дүрмийн талаар эрдэмтэд өөр өөрийн байр суурьтай байдаг бололтой. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдэмтэн багш, академич Б.Чулуундорж “Би гучин жил Орос хэл дээр судалгаа хийсэн. Орос хэлний дүрэм ганц ч удаа өөрчлөгдөөгүй. Олон янзаар бичдэг үг гарч ирж байсныг ч мэдэхгүй юм байна. Ер нь хэл болон дүрэмтэй нь болгоомжтой харьцах хэрэгтэй. Болж өгвөл түүнийг дураараа өөрчлөх, шинэчлэх шаардлагагүй. Машин жолоодоход замын  хөдөлгөөний дүрэм хэрэгтэй байдаг шиг хэлний дүрэм ч бас цэгцтэй, дахин дахин өөрчлөгддөггүй байх ёстой” хэмээн ярьсан юм. Мөн Боловсролын хүрээлэнгийн захирал доктор профессор Н.Бэгз “Гээгдэх эгшгийн дүрэм хэрэггүй гэх байр суурьтай эрдэмтэд ч гарч ирж байгаа. Мөн “ь”, “ъ” монгол хэлэнд хэрэггүй гэж үзэх нь ч бий. Тэднийг буруутгах аргагүй юм. Гэхдээ хэл цаг үеээ дагаж хөгждөг. Гадны үгээр баяждаг. Тиймээс үндсэн дүрмээ баримталж, стандарт тогтоох хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө “Ангууч” гээд зөв бичих дүрмийн программ гарч байсан. Түүн шиг программ хэрэгтэй. Гэхдээ тийм программ гаргахын тулд зөв бичих дүрмээ цэгцлэх хэрэгтэй юм” хэмээн ярьж байна.  


БИЧГИЙН ХУУЛЬТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

Энэ талаар Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржавтай ярилцлаа.
    
-Олон янзаар бичдэг үгийг саяхан цэгцэллээ. Дахиад ч маргаантай бичдэг олон үг бий гэсэн?

-Иргэдээс ирж байгаа санал, ерөнхий боловсролын дунд сургуу­лиудын багш нарын тавьж байгаа хүсэлт дээр үндэслэн хамгийн түгээмэл хэрэглэдэг үгүүдийг цэгцэллээ. Тодорхой тоо хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан саяхан цэгцэлсэн 700 үгээс гадна үүнтэй адил олон үг бий.

-Үгсийг  ингэж олон янзаар бичих болсон нь юутай холбоотой вэ?

-Энэ бол анх кирилл бичгийн зөв бичих дүрмийг зохиоход тухайн үеийн хэл шинжлэлийн түвшин өнөөгийнхөөс өөр байсантай хол­боотой. Тэр цагаас хойш 70 жил өнгөрчихлөө. Энэ хугацаанд хэл шинжлэл хөгжсөн байна. Хэлний бүтэц, авианы бүрэлдэхүүн, үгзүйн бүтээврүүдийг өөр өөрөөр үздэг болсон. Үүнээс болж эрдэмтэд өөр өөрсдийн үзэл санааг илэрхийлж зарим үгийг өөр өөрийнхөөрөө бичих болсон. Гэтэл ийм хандлагаас үүдэн зарим хүн “Энэ кирилл бичиг чинь зөв бичих дүрэмгүй юм байна” гэж хавтгайрах болсон. Гэтэл хэл бүтэцтэй, үг язгууртай, үндэстэй, бүтээвэртэй, нөхцлүүдтэй шүү дээ. Бичгийн хэл бол үүгээр л явах ёстой.

-Цэгцлэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Хамгийн түрүүнд зөв бичих журамласан толь гаргана. Өргөн хэрэглээний үгүүдийг багтаасан эмхэтгэл байх юм.

-Зөв бичгийн дүрэмд засаж сайжруулах зүйл бий гэж та үздэг үү?

-Миний юу гэж үзэх нь чухал биш л дээ. Ер нь бол зөв бичгийн дүрэмд өөрчлөлт оруулахаар харьяа яамнаас төсөл хэрэгжүүлж байгаа. ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийнхэн тэр төсөлд  бас ажиллаж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд монгол хэлэнд гадаадаас их олон нэр томъёо орж ирж байна. Тухайлбал, продакшн гэдэг үг бий. Гэтэл энэ үг хамгийн наад захын эгшигт гийгүүлэгчийн нэг болох “н” гийгүүлэгч эгшиггүй бичигдэж монгол хэлний дүрмийг зөрчиж байна. Констракшн гэдэг үг ч үүнтэй адилхан. Мөн монгол хэлний үгс давхар гийгүүлэгчээр эхлэх ёсгүй гэдэг дүрэм ч бий юмсан. Ер нь үг зүйн жижиг асуудлуудаас илүү Монгол Төрийн бичгийн тухай хуультай байх ёстой.

-Энэ нь ямар хууль байх билээ?

-Хууль тогтоогчид баталсан, Монгол Улс даяар мөрдөх тийм хууль байх юм. Кирилл бичгийг дээхнэ үед МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлөөс 1941 онд тогтоол гаргаж хэрэглэхээр болсон ч кирилл бичиг бол Монгол төрийн бичиг мөн гэсэн хууль хаана ч байхгүй.  Ингээд хуульчилчихвал наад зах нь олон нийтийн хэрэгслээр дүрмийн бус үг бичих, иргэдийг төөрөгдүүлэх зүйл гарахгүй.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж