Орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ой энэ өдөр тохиож байна. Энэ босгон дээр албаныхан барилгын салбарыг олон улсын түвшинд алхам алхмаар ойртсон, олон улсад хэрэглэдэг бүх технологийг Монгол Улс барилгын салбартаа нэвтрүүлсэн хэмээн дүгнэж байна. Өнөөдөр барилгын салбарт олон жил ажилласан иргэн, аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулж байна.
Ийнхүү барилгын салбарын хөгжил олон улсын түвшинд хүрсэн, өндөр технологи нэвтэрсэн хэмээн баяраа тэмдэглэж байна. Гэвч үүний хажуугаар энэ салбарт тулгамдсан багагүй асуудал бий. Наад зах нь эрхзүйн орчноо тодорхой болгох. Цаашлаад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг асуудал бий. 2012-14 оны хооронд л гэхэд технологийн үйл явц зөрчсөн, аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсанаас 126 осол гарсан. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, цаашлаад барилгын болон барилгын материалын үйлдвэрлэл, чанарыг сайжруулах, эрхзүйн орчноо тодорхой болгох гээд энэ салбарын тулгамдсан асуудлыг зах зухаас нь дурьдахад ийм.
Ямартай ч барилгын хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар одоо салбартаа тулгамдаад байгаа асуудлыг зохицуулж өгсөн гэх мэдээллийг салбарын дэд сайд нь өгч байна.