Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр тэргүүтэй албаныхан Дамбадаржаагийн уулзвар–Шадивлангийн шинэ уулзвар–Шаргаморьтын төмөрбетон гүүр–Хандгайт чиглэлийн 16.3 километр замын ажлын явцтай өнөөдөр танилцаж байна. Тус замыг 1982-1985 онд барьсан бөгөөд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл урсгал засвар болон шинэчлэлтийн ажил огт хийгээгүй байсан юм. Зуны улиралд өдөрт 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог нийт 16.3 километр замыг шинэчлэн засварлаж явган хүний зам, нэг талдаа дугуйн зам барих ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.
Зуслангийн чиглэлийн замын шинэчилэхэд нийт 280 айлыг хашааг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөхөөс одоо арав хүрэхгүй айл үлдсэн байна. Мөн иргэд замыг засч шинэчилсэнд туйлын таатай байгаагаа илэрхийлж нийслэлийн удирдлагууд баярлаж талархсанаа илэрхийлж байсан юм. Мөн урьд нь зуслангийн чиглэлийн зам нарийн эвдрэл ихтэй байсан тул автозамбн осол зөрчил цөөнгүй гардаг байсан гэнэ. Ийнхүү замыг шинэчилснээр зам тээврийн осол багагүй хувиар буурна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга Жаргалсайхан онцолж байлаа.