Хойтон жилийн наймдугаар сар

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Хойтон жилийн наймдугаар сар

ХОЙТОН ЖИЛИЙН НАЙМДУГААР САР

Хойтон жилийн найм­дугаар сард Оюутолгой компанийн олборлолт эхэлж, анхны бүтээгдэхүүнээ алган дээрээ тавина. Уг нь гэрээнд баталснаар бол 2013 онд хэмээж байсан ч хурд, хүчээр зодсон чадварлаг багийнхан хугацаанаасаа өмнө олборлолтоо эхлэх боломжтой гэж үзжээ. Олборлолт эхэлсний дараах үр ашиг, наанадаж монгол ажилтны тоог нэмэх зэрэг гэрэл гэгээтэй олон мэдээлэл биднийг хүлээж буй. Хамгийн гоё нь ирэх жилийн наймдугаар сард олимпийн их наадам Лондонд болно. Олимпийн аваргуудын энгэрт Оюутолгойн алт, зэсээр хийсэн медаль гялалзах болно. Энэ явдал дэлхий дахинд Мон­голыг, Оюутолгойг таниулах том сурталчилгаа биш гэж үү. Үүнд “Рио Тинто” груп­пийн Гүйцэтгэх захирал Том Албаниз чухал үүрэг гүй­цэтгэсэн.

“Рио Тинто” групп Лондонд төвтэй бөгөөд дотоодын гурав дахь ангиллын ивээн тэтгэгч нь болж 4700 багц медалийн орцонд орох алт, мөнгө, зэсийг нийлүүлэхээр болсон билээ. Мэдээж зөвхөн дангаараа биш л дээ. АНУ дахь Солт Лейк хот дахь “Рио Тинто”-ийн Кеннекот Юта зэсийн уурхай бас үүнд оролцоно. “Рио Тинто” групп  өмнө нь 2002 онд Солт Лейк хотноо болсон өвлийн олимпийн медалийг бүтээхэд хамтран ажиллаж байсан туршлагатай. Хэрэв “Рио Тинто”-ийн хамт­рагч байгаагүйсэн бол монгол­чуудад олимпын аваргуудын “энгэрт хүрэх” завшаан ол­дох эсэх нь эргэлзээтэй л юм.

Тиймээс “Лондон 2012” олим­пийн наадмыг Зохион байгуулах хорооны Худалдаа эрхэлсэн захирал Крис Таунсэнд “Олимпийн наадмын уламжлалт ёс, дүр төрхийг харуулах хамгийн гол зүйл нь медаль байдаг.

“Лондон 2012” олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад “Рио Тинто” чухал хувь нэмэр оруулах болж байна” хэмээн онцлон хэлж байсан юм.

Дашрамд дурьдахад, орчин цагийн олимпийн наадмын алтан медалийг зургаан грамм алтаар бүрж хийдэг бол дэд аваргуудын медалийг цэвэр мөнгөөр цутгаж урладаг гэнэ.  Олимпийн аваргуудын энгэрт Оюутолгойн бүтээгдэхүүн гялалзах нэг хэрэг. Тэр тусмаа монгол хүн Монголынхоо баялгийг энгэртээ гялалзуулах нь бүр ч онцгой хэрэг байх нь дамжиггүй.

Ийм хоёр том үйл явдал ирэх оны наймдугаар сард монгол түмнийг баярлуулах нь. Түүнээс цааших Оюутолгойн ирээдүй ч манай эдийн засгийн хөгжилд нэр хүндтэй одон болж гялалзах нь тодорхой болоод байгаа билээ. Тухайлбал, ирэх оны намар анхны олборлолт хийж, бүтээгдэхүүн гаргах болсонтой холбоотойгоор эрчим хүчний эх үүсвэр бэлэн болох учиртай. Үүнтэй холбоотойгоор говийн бүсийн эрчим хүчний системийн гол ноён нуруу болох томоохон усан цахилгаан станцын ажил эхэлнэ. “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” компанийн оролцоотойгоор уг станцыг барих нь манай эрчим хүчний хангамжид асар том нөлөө үзүүлнэ.

Товчхондоо ирэх оны намар Монголын хөгжлийн түүхэнд мөнхрөх олон чухал үйл явдлын эхлэл тавигдаж, та бид энэ түүхийн гэрч болж үлдэх нь. Тухайлбал, Монголын ДНБ /Дотоодын нийт бүтээгдэхүүн/-ий хэмжээ таван жилийн дараа тав дахин нэмэгдэнэ. Оюутолгой ордын үйлдвэрлэл ирэх онд эхэлснээр манай эдийн засаг жилд 20 хувиар өсөх хандлага ажиглагдаж буй. Ингэснээр ДНБ-ий хэмжээ 9000 ам.доллар болж өсөх юм. Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Рэндолф Коппа өнгөрсөн намар Хонконгт болсон “Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын үеэр ингэж ярьсан юм.

Мөн тэр үед “Mongolia development Resourses”-ийн захирал Алишер Аоь Жуманов өөрийн тавьсан илтгэлд “Айсуй 15 жилийн туршид ДНБ-ий хэмжээ 20 хувиар өсөж, энэ хэмнэлээрээ явбал Монгол Улс Малайз, Сингапур шиг болох ирээдүй ойрхон байна” хэмээн магтаж байсан. Харин “Рио Тинто” компанийн Зэсийн бүлгийн ерөнхий менежер Петер Николс /саяхан “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон/ “Оюутолгой орд үйлдвэрлэлээ эхлэх гэж байна. Бидэнд цахилгаан станц, дэд бүтэц, замын асар том төслүүдэд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Оюутолгой дангаараа Монголд хө­рөнгө оруулаад зогсохгүй, тэ­дэнд гадаадын бусад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хэв загварыг нь тогтоож өгсөн. Зөвхөн одоо л Монголд хөрөнгө оруулах хамгийн тохиромжтой цаг үе мөн” гэж хэлсэн байдаг.

Уг чуулга уулзалтаас хойш есөн сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдын идэвх сай­жир­сан уу гэхээс буураагүй. Тэгэхээр дээрх нэр хүндтэй эрхмүүдийн Мон­голыг хэрхэн харсан тэр өнцөг, ямар сэтгэгдэлтэй байгаа талаарх суртал ухуулгаар дэлхийн гигантууд манайхыг харж, дүгнэж, сонголтоо хийж байна.
“Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэгчээр хойтон намар хүртэл их бүтээн байгуулалтын ажилд нэмэр болдоггүй юмаа гэхэд саад болохгүй байхсан. Мэдээж тэр үед шинэ парламент цэгцэрчихсэн, шинэ Засгийн газраа эмхлэн байгуулаад байж байх биз. Харин улс орны хөгжил, иргэдийн хувийн амьдралд улс төрийн сонгууль биш, эдийн засгийн хөгжил дэвшил чухал гэдгийг ард түмэн ойлгосон нь лавтай. Ер нь хөгжлийн төсөл хөтөлбөрөө сонгуулиас сонгуулийн хооронд өөрчилдөг арга барилыг өөрчлөх шаардлагатай. Хөгжлийн хөтөлбөр нь хөдөлшгүй байж, үе үеийн Засгийн газар, УИХ нь түүнийг биелүүлж, цаашдын ажлаа төлөвлөдөг байснаар улс орны эдийн засгаа тогтвортой авч явах тасаршгүй гинжин холбоо буй болно.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж