МИАТ ХК-ын бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий менежер Ц.Баттай ярилцлаа
-С: Солонгосын чиглэлийн нэмэлт нислэгийн асуудал хүндрээд байгаа, та энэ тал дээр юу хэлэх вэ. Ер нь агаарын тээврийн талаарх олон улсын жишиг зарчим юу байдаг юм бэ?
-Ц.Б: Олон улсын жишиг талаас нь эхлээд тайлбарлая. Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО гэдэг байгууллагыг байгуулахаар улс орнууд 1944 онд Чикаго хотноо хуралдахдаа агаарын тээврийн нэг зарчимыг тохирч авсан байдаг. Энэ нь олон улсын агаарын тээврийн зах зээлийг эзэмшихдээ reciprocity буюу харилцан тэгш боломжийг солилцох зарчим юм. Бидний мэдэх уул уурхайд гэхэд л Монголчууд 34 хувь, нөгөө тал нь 66 хувь эзэмшиж болох тухай гэрээ байгуулж байдаг. Олон улсын агаарын тээврийн хувьд бол ийм жишиг байхгүй. Ердөө л 50/50 хувийн боломжуудын тухай л яриа байх ёстой байдаг.
Үндсэн санаа нь улс дамжсан зах зээлээс оролцогч талууд ижил хэмжээний татварын болон ажлын байр нэмэгдүүлэх зэрэг бусад ашиг олох боломжтой байх ёстой гэсэн тийм л зарчим юм. Сүүлийн үед их яригдаад байгаа агаарын тээврийн лебиралчлалын зарчимыг бол 1944 оны Чикагийн конфенц дээр АНУ санал болгож ихэд зүтгүүлсэн боловч Их Британи зэрэг улс эсэргүүцсэнээр унасан санал шүү дээ. Энэ нь агаарын хөлгийн боломж ихтэй улс нь хүчин чадал багатай улсынхаа зах зээлийг эзлэх боломжийг чөлөөтэй нээж өгдөг, Монголын хувьд тийм ч оновчтой бус арга механизм юм.
-С: Солонгосын нислэгийн хувьд ..?
-Ц.Б: Солонгосын талын хүсээд буй зүйл бол тодорхой байгаа. Тэд агаарын тээврийн зах зээл дээр маань Оюу толгойн гэрээ шиг 34+66 хувийн байдал л үүсгэх гээд байгаа хэрэг. Яг үнэндээ Оюу толгой ч 50/50-р ашиг хуваах гэрээ юм. Нийт ордын 1/3 хувиар нь олборлолтын зардлаа хаагаад үлдсэнийг нь тэнцүү хуваахад Монголчуудад 34 хувь нь ноогдож байгаа л хэрэг шүү дээ. Харин агаарын тээвэрт одоо байгаа хүчний балансыг эвдэж солонгосын 3 дахь компанийг оруулж ирэх нь цаад талаас ямар ч хөрөнгө оруулахгүйгээр нийт зах зээлийн 2/3-оос ихийг нь булаахыг санаархсантай адил юм болоод байна. Ийм зохисгүй шахалт үзүүлж байгаа Солонгосын тээврийн яам хоёр орны найрамдалт харицаанд хор хохирол л учруулж байна.
-С: Гурав дахь тээвэрлэгч орж ирэхээр өрсөлдөөн ширүүсч үнэ буурах бус уу?
-Ц.Б: Австралид юу болсон талаар нэг түүх ярьж өгье. Австрали улс 90 оноос өмнө агаарын тээвэрлэгчдээ ижил хэмжээтэй онгоцоор ижил хуваариар, ойролцоо үнэ тарифаар өрсөлдөхийг тулгадаг байсан юм. Qantas, Ansett, Trans Australia Airlines, Australia National Airways гэх зэргийн олон агаарын тээвэрлэгчид үйл ажиллагаагаа явуулдаг байсан. 90 онд тэд өрсөлдөөнийг чөлөөтэй тависан. Үр дүнд нь Qantas гэдэг компани богино хугацаанд өрсөлдөгчидөө цохин унагаагаад дангаараа монополь болж хувирсан. Үнэ эргээд хуучин байснаасаа ч илүү нэмэгдсэн. Австралийн засгийн газар аргаа барахдаа гадаадын компаниудыг дотоодын нислэг хийхийг зөвшөөрч өрсөлдөөнийг сэргээхийг оролдож байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байна. Virgin Blue гэдэг Английн компанийг Jet Star гэдэг Qantas-ын охин компани юу юугүй дарчихгээд л байна шүү дээ.
Эндээс нэг юм бид олж харж сургамж авах ёстой юм. Тухайн үед 18 сая хүн амтай байсан Австралийн хувьд өрсөлдөөн тийм хурдан дуусч монополийг төрүүлэн гаргаж байгаа юм чинь 2,7 сая хүн амтай Монголын хувьд эрүүл өрсөлдөөн хэдэн сар үргэлжлэх тэмцэл байх вээ гээд бодоод нэг үзэх л хэрэгтэй байхгүй юу. Ер нь бол чөлөөт өрсөлдөөн гэдэг чинь АНУ, Европ шиг 300 саяаас дээш хүн амтай, нэг бизнес шууд давамгайлах боломж физичиский байхгүй тийм бүс нутгуудын л оролддог тоглоом байхгүй юу. Дэлхийн бусад олон улсын нислэгийн зах зээлүүд бараг ихэнх нь хатуу зохицуулалтай, өөр өөрийн хувь хэрчимээ хамгаалж харамласан байдалтай л байдаг. Ингэхийг тухайн хэмжээ багатай зах зээл нь өөрөө шаардаж байдаг юм. Монголчууд ийм өрсөлдөөнд гүйж ороод агаарын тээврийн салбар нь нурвал далайд гарцгүй манай улсын хувьд үндэсний том эмгэнэл болно шүү дээ. Дотоодын компанигүй болж аваад Австрали шиг гадаадын компани урина гэвэл Оросын сул зогсож байгаа олон компаниуд нүүгээд ороод ирэх байлгүй дээ. Үүнийг Монголчууд хүснэ гэж үү.
Дээр нь хэлэхэд Солонгосчууд зөвхөн Асиана-г нэмж оруулаад зогсоно гэж бодож байна уу. Тэд цаана нь байгаа 3-4 дотоодын тээвэрлэгчээ Монголын зах зээл рүү оруулахаар санаархаж байгаагаа бараг нуухгүй байгаа шүү дээ.
-С: Солонгос жуулчид нэмэгдээд энэ нь Монголд тустай юм биш үү.
-Ц.Б: Чи хаана тэр их солонгос жуулчин хараав. Улаанбаатрын гудамжинд зураг аваад явж байгаа, бэлэг дурсгалын дэлгүүрийг хоослож байгаа, эвсэл хөдөө хээр байгал үзэж сонирхож байгаа солонгос жуулчид харсан уу.
-С. Нээрээ бараг хараагүй юм байна. дандаа л Европ, Америкчууд, эсвэл япончууд байдаг шүү дээ тийм улс чинь.
-Ц.Б: Яг тийм ш дээ. Нүдэн дээр ил байгаа биз дээ. Хаа байна тэр олон жуулчин. Солонгос жуулчдыг олноор нь харъя гэвэл шөнийн цагаар солонгос эзэнтэй баар, саунуудаар л явж хайх хэрэгтэй гэж манай аялал жуулчлалын салбарын нөхдүүд хошигнон ярьдаг нь оргүй зүйл биш шүү дээ. Тэнд тэд юу хийж байдаг талаар нь ярих сонирхол алга.
Ер нь солонгос жуулчдын Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалтын талаар манай засгийн газар нарийвчлан судалж үзэх цаг нь болсон. Солонгосын Элчин сайдын зөвлөх нэг хүн “Өдрийн сонин”-д Кампуч улсад жилд 300 мянган солонгосчууд зорчдог гэж сайрхсан байна лээ. Кампуч бол яг үнэдээ Тайландын хажуугийн маш хямдхан секс туризмийн шинэ төв шүү дээ. Тэнд Тайланд шиг хууль дүрэм гээд байх зүйлгүй тул хэн ч дураараа дургиж болдог газар. Үзээд хараад байх юм бараг байхгүй, ганц нэг хөшөө дуганаас өөр юмгүй жунгли шүү дээ. Солонгосын элчин сайдын зөвлөх Монголыг тийм секс туризмын дараагийн төв болгох санаатай байгаа юм болов уу? Хэрэв агаарын тээврийн тогтсон балансыг эвдлэхээр цааш зүтгээд байвал ингэж ойлгоход л хүрэх байна.
Харин МИАТ компани соёлтой, ёс журамтай солонгос иргэдэд үйлчлэхэдээ хэзээд баяртай байх болно. Хоёр ард түмний харилцаанд зарим нэг гаж сонирхолтой хүмүүсийн үйлдэл сөргөөр нөлөөлөх учиргүй гэж бодож байна.
-С: Дотоодын авиакомпаниудыг бас тэр зах зээл рүү оруулж болдоггүй юм уу. Зөвхөн МИАТ Монгол талаасаа дангаараа байдаг нь ямар учиртай юм бээ.
-Ц.Б: Энэ бол их учиртай. Нэгдүгээрт МИАТ бол олон улсын шугамуудад томилогдсон Монголын үндэсний тээвэрлэгч. Өөрөөр хэлбэл олон улсын зах зээлд Монголын талын эрхийг хэрэгжүүлэгч нь. Бид зөвхөн эрх эдлээд ч зогсохгүй иргэд зорчигчдын эрэлт хэрэгцээг хангаж байх үүрэг хүлээдэг. Хүлээсэн энэ үүргийн хүрээнд л бид нэмэлт нислэг гаргахаар тэмүүлээд байгаа хэрэг.
Хоёрдугаарт МИАТ дотоодод нисдэггүй. Зөвхөн олон улсад нисэж бусад компанийг дотооддоо өрсөлдөх боломжийг хангаж байдаг. Хэрэв МИАТ-ын нислэгийн зах зээл рүү Изинис ч юм уу, Аэро Монголиа орвол бид ажилчдаа цалинтай байлгахын тулд дотоодын зах зээл рүү орохоос өөр замгүй болно. Харин тэгвэл дотоодын зах зээлийн өрсөлдөөн 3 сарын дотор л дуусах байх. Аль ч талаас нь бодсон энэ бол зохимжгүй зүйл. МИАТ-д оцойж овойсон ашиг гэхээсээ илүүтэйгээр агаарын тээврийн салбар дахь ажлын байрууд байж байх нь илүү чухал. Иймд бид дотоодын шугамын компаниудтай харилцан хамтран ажиллах сонирхолтой байдаг.
Монголын бүх компаниуд олон улсын зах зээл дээр ороод ч цаанаас мөн хэмжээгээр орж ирэх хавсарсан хүчийг торгоож дийлнэ гэж үү. Ганц торгоох арга нь харилцан тэгш байх боломжийг ашиглаж, бусдын хоол руу өнгийхгүй, өөрийн хувиа алдахгүй байх явдал. Зорчигчид хямд үнэ хайж яваад солонгос монополын тулгах өндөр үнэнд цохиулахгүй байх боломжийн төлөө л МИАТ тэмцээд байгаа юм.
-С: Солонгосчууд МИАТ-д нэмэлт нислэгийн зөвшөөрөл тэгээд өгөх болов уу
-Ц.Б: Тэд өгөх ёстой гэж бодож байна. МИАТ компани өмнө нь огт авч байгаагүй, урьдын жишиг байхгүй тийм зөвшөөрөл хүсээгүй. Сүүлийн бараг 18 жил ийм л маягаар зуны ачаалалыг асуудыг шийдэж байсан. Өмнө нь бидэнд зах зээлд суудал борлуулаад нэгэнт эхэлсэний дараа л тулгаж байгаад л зөвшөөрдөг байсан. Бид энэ жил мөн тэгэх байх гэсэн хүлээлттэй байсан шүү дээ. Өмнө нь зөвшөөрдөггүй байсан бол бид энэ жил энэ олон суудал борлуулж иргэдийг чирэгдүүлэхгүй байсан.
Зуны цагийн нэмэлт нислэгийн асуудлыг урьдын жишгээр шийдээд явбал ямар ч нэмэлт компани орж ирэх шаардлагагүй. Үнэ тариф ч одоо их боломжийн бага байгаа шүү дээ. Олон компани орж ирвэл тэдний хувьд өвөл хавар намрын 9 сарын туршид суудал дүүргэлт нь навс унаж бүгд л эдийн засгийн хохирол амсах болно. Үүнийг destructive competition буюу cүйрүүлэх өрсөлдөөн гэж эдийн засгийн хэлээр нэрлэдэг. Монголын өндийж ядаж байгаа эдийн засагт ийм зүйл одоохондоо хэрэггүй гэж бодож байна.
Харин энэ жил Солонгосын тал гэнэтийн шийдвэр гаргаж бүхнийг будилууллаа. Тогтсон жишгээр явах нь олон улсын харилцааны тогтовортой байдлын нэг чухал үзүүлэлт байдаг. Солонгосын талын гэнэтийн шийдвэр бол худалдааны дайн зарлаж байгаатай адилхан л сонсогдож байна. Ийм эрс тэс зан гаргаж байж хэрхэн Монголын бусад салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах санаатай байгааг нь ойлгохгүй юм. Солонгосчууд Монголд төмөр зам барих санаатай гэж би сонссон юм байна. Замынхаа нэг рельсийг тавичихаад нөгөөг нь тавихгүй үнэ нэм гээд суучих тийм түнш л болж тэд харагдаад байна шүү дээ. Энэ талаараа Солонгосын засгийн газар дотроо нухацтай ярих байх гэж итгэж байна.
Солонгосын элчин сайдын яамнаас өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурьсан шигээ Солонгосын засгийн газар Монголд ирж байгаа солонгос иргэдийн тоонд сэтгэлд дундуур байдаг нь үнэхээр үнэн бол үүнийгээ МИАТ-ын нэмэгдэл нислэгийг зөвшөөрч илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Эс тэгвэл яриад байгаа зүйл нь солонгос иргэдийн тоонд бус харин Асиана компанийн бизнесийн сонирхолыг л гүйцэлдүүлэх зорилготой болж харагдаад байна. Энэ явцуу зорилгоо олон түмнээс нууж хөвөнд боосон чулуу шидэх мэт популист мэдэгдэл гаргах нь илүү л гэж хэлмээр байна даа.
-С: МИАТ зах зээлийн эрэлтийг хангаж дийлэхгүй гэж үзээд Солонгосчууд Асиана компанийг оруулах гээд байгаа юм биш үү
-Ц.Б: МИАТ зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахыг хэлчихье. Бид түрээсээр 2 ширхэг Боинг 767 онгоц оруулж ирж байгаа. Эхнийх нь ороод ирсэн нисэж байна. Хоёр дахь нь тун удахгүй орж ирнэ. Цаашид ч агаарын хөлгийн паркаа 737/767 онгоцуудаар бүрдүүлэхээр Боинг компанитай гэрээ байгуулаад байгаа. Бид зах зээлд хангалттай олон суудал гаргах техникийн бүрэн хүчин чадалтай болсон. Хэнтэй ч хуйвалдахгүй, шудрагаар өрсөлдөхөд бэлэн байна. Үр дүнд нь иргэд зорчигчид л хожно. Үүнээс гадна бид том онгоцтой болсоноор агаарын ачааны зах зээл дэх Солонгосын компаниудын монопольчлол дуусгавар болж байгаа. Энэ байдалд солонгосын тал сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Явж явж тэдний компаниудаасаа хураадаг байсан татварын орлого Монголын тал руу нэлээд хэсэг нь шилжиж байгаа шүү дээ. Аль ч засгийн газар өөрийн татвар төлөгчдөө хамгаалах үүрэг хүлээдэг. Харин татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нь ажлын байруудыг үүсгэх, хадгалж байх үүрэг хүлээдэг. Олон улсын агаарын тээврийн салбарын өрсөлдөөний гол агуулга, зорилго нь ердөө л энэ юм.
-С: Солонгосын тал яагаад заавал Асиана компанийг оруулах гээд зүтгээд байгаагийн цаад учир нь ер нь юу гэж та бодож байна вэ.
-Ц.Б: Монголд ирэхийг тэмүүлж байгаа солонгос жуулчид огцом нэмэгдээд байгаа гэж Элчин сайдын зөвлөхийн мэдэгдээд байгаатай би санал нийлэхгүй байна. Хэрэв тэр нотлоод байгаа шиг тийм их жуулчны урсгал үнэхээр байсан бол бид өвөл ч нэмэгдэл нислэг хүсэх шаардлага гарах л байсан шүү дээ. Гол асуудал нь арай өөр зүйлд байгаа гэж би харж байна.
-С: Юунд вэ тэгээд?
-Ц.Б: Асиана бол Кореан Эйр компанитай байнга өрсөлдөж байдаг тийм компани. Кореан Эйр компанитай бүх талаараа, тэр дундаа агаарын хөлгийн маяг, тоогоор өрсөлдөхийг сүүлийн үед илт чармайж байгаа. Жишээ нь KAL 6 ширхэг А380 онгоц захиалангуут Асиана мөн адил 6 ширхэг А380 онгоц захиалж байх жишээтэй. Өнөөдөр Асиана компани 40 орчим том онгоцны захиалга нэгэнт хийчихсэн одоо тэдэндээ зах зээл олох гэж аргаа барж байгаа байдалтай л байна. Энэ үе бол Асианагийн хувьд солонгосынхоо банкныхаа системийг маш олон тэрбумын наймаанд чирчихсэн, хөгжөөгүй бойжоогүй зах зээл дээр баахан үнэтэй шинэ онгоцтой орж уначих гээд сандарч байгаа үе нь шүү дээ.
Солонгосын засгийн газар Асиана-г дангаар нь бодсондоо ч бус харин Асиана-д чирэгдэн унаж магадгүй байгаа банкууд, эдийн засгийн байдлаа л бодсондоо Монголын зах зээлийг жижиг гэж гололгүй эзлэн авахаар улайран дайраад байгаа хэрэг. Бүх юмны цаад учрыг энэ хавиас хайвал арай бодитой хариулт олох байх.
-С: Солонгосчууд зорчигчдын үнэ тариф буурах сайн талтай гээд байсан шүү дээ.
-Ц.Б: Агаарын тээвэр бол буяны сүм биш. Тэгэж яривал шүтэх бишрэх хүртэл өөрийн гэсэн зардалтай, золиостой байдаг эд. Сайн машинаар давхихад их бензин шатаадагийг хүмүүс андахгүй шүү дээ. Үүнтэй л адилхан агаарын тээвэрт өөрийн гэсэн доод үнэ, зардлын хэмжээ гэж бий. МИАТ компани энэ хэмжээг зохистой олон улсын жишиг хэмжээнд нь л байлгаж байгаа. Үнэгүй юум хавханд л байдаг юм. Өнөөдөр хямд үнийг дараа нь таныг цөм шулахыг бодож байгаа бизнес л гаргаж санал болгодогийг мартуузай.