Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах тухай захирамжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн засаг дарга гаргасан байдаг. Улмаар өнгөрсөн зургадугаар сарын нэгэн гэхэд нийтийн эзэмшил газрыг чөлөөлж, аж ахуй нэгж, байгууллагууд тохижилтын ажлаа эхлүүлэх үүрэгтэй байсан юм. Гэхдээ хөрөнгө мөнгө удсан гэх шалтгаанаар явган зам чөлөөлөх ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Ямартай ч явган хүн алхах замыг өөрийн дураар таглаж, бөглөсөн нэгний байгууламжийг чөлөөлж, нийслэлийн иргэд чөлөөтэй алхах зам талбайтай болох шийдвэрийг хотын дарга гаргасан нь нэг дэвшил. Гэвч нийтийн эдэлбэр газар, явган зам чөлөөлөх захирамж хэрэгжээд удаагүй байхад дахин нэг явган замыг таглан авто замын орох гарах, гарцын замыг төрийн байгууллагуудын захиалгаар барьсан байх юм. Тодруулбал Сүхбаатар дүүрэг ОБЕГ-ын баруун талын явган замыг нэгээхэн хэсгийг өндөрсгөж, авто зам болгожээ. Эх сурвалжийн мэдээлснээр ОБЕГ-ын залгаа баригдаж буй энэ барилгад Онцгой байдлын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын авто машинууд байрлах гэнэ. Авто гараашийн зориулалттай тус барилгыг дээрх хоёр байгууллагын захиалгаар "Эко холдинг" компани гүйцэтгэж байгаа юм байна. Хотын даргын захирамжийг үл тоож, явган зам таглан зам барих зөвшөөрлийг "Эко холдинг" компанид хэн өгчихөв? Эсвэл "Эко холдинг" компани дур мэдэж, явган зорчигчдыг бартаад замаар алхуулахаар шийдэв үү? гэдэг асуулт иргэдийн дунд байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Э.ЭНХБАТ