Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд "Гүүгл"-ийн газрын зураглалд Монгол тал нутгийн 6000 километр зам болон Улаанбаатар хот бүхэлдээ багтаж, Монголын бодит зураг "Гүүгл" компанийн 360 градус буюу "Street View"-санд орсон тухай өнөөдөр албан ёсоор "Гүүгл" компани, төсөл хэрэгжүүлэгчдийн талаас мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, Монголын зүүн гурван аймаг, Улаанбаатар хотод гадны болоод дотоодын жуулчид аялахад хялбар болж, төөрч будлих асуудал ард хоцорч байна. Мөн цаашид Монголчууд, Монголд аялагч нар дэлхийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлж алхах юм. Үүнээс гадна дэлхийн хаанаас ч интернэт ашиглан, "Гүүгл"-ийн соёлын хүрээлэнгийн сангаас Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Богд хааны музей гэсэн гурван түүхэн газрын үзмэрүүдтэй танилцаж болохоор боллоо. Одоогоор дээрх музейдийн 200 гаруй соёлын зүйлсийг багтаасан 20 гаруй онлайн үзэсгэлэн "Гүүгл"-д байршжээ.
"Гүүгл"-ээр дамжуулж, Монголын түүх, ёс заншилын илтгэсэн түүхэн үзмэрүүдийг гадныхан сонирхоно. Өөрөөр хэлбэл, "Гүүгл"-д байршсан түүхэн үзмэрүүдтэй танилцсан жуулчид Монголд аялахыг хүсч, манай улсыг зорино гэж төсөл санаачлагчид тооцоолжээ.
Одоогоор "Гүүгл" компани, төсөл хэрэгжүүлэгчид Хөвсгөл далайн өвлийн зураглал, Улаанбаатар хотын гудамж талбай болоод Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншанд хотуудын зураглалыг авч, газрын зураглалдаа оруулжээ. Мөн энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа зэргийн бичлэг, зураглалыг авчээ. Удахгүй "Гүүгл" компанийхан энэхүү бүтээлээ соёлын хүрээлэндээ оруулж, наадмын зарим дүрслэл зургийг панарамдсан үзэсгэлэнгээ толилуулах юм байна.