Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын Азарга, Их насны морьд өнөөдөр уралдлаа. Уралдаан азарга насаар эхэлж, их насаар өндөрлөсөн юм. Нийт 146 хурдан азарга, 320 их насны морьд уралдаж, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азарга, Их насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын алдарт уяач С.Буяннэмэхийн хээр халзан морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлэн наадамчин түмнийг баясгалаа. Энэ жилийн адуун сүргийн манлай азарганы уралдаанд анх 192 хурдан азаргыг уралдуулахаар уяачид бүртгүүлжээ. Гэвч 46 азаргыг наадмын хурдан морины комиссоос эрлийз гэж хасчээ. Өчигдрийн хувьд шүдлэн наснаас 137 хурдан үрээ эрлийз гэж хасагдсан. Нас болгон дээр эрлийз морьдыг буруу тодорхойлж, хасч байна гэж уяачид санал нэгтэйгээр ундууцаж байлаа. Мөн наадмын хөтөлбөрийн дагуу хурдан морьдын уралдаан болоогүй бөгөөд гараанаас хоцорч гарсан. Энэ нь уяачдын гал Хүй долоо худгаас хол байгаатай холбон тайлбарласан юм.