Өнөөдөр долдугаар сарын 10-ны өдөр. Монгол хүн бүрийн бахархан хүндэтгэдэг төрийн далбааны өдөр тохиож байна. Энэ хүрээнд Чингисийн талбайд “Монгол Улсын далбааны өдөр”-ийг тэмдэглэлээ. Төрийн далбааны өдрийн арга хэмжээнд Монгол Улсын их хурлын гишүүд оролцож байна.
Ертөнцийн умард, өмнөд туйл, Гималайн оргил, сансрын уудам, олимп, тив дэлхийн урлаг, спортын дэвжээнээ Монголын төрийн алтан соёмбот далбаа мандаж байдаг нь ард түмэн, төр, улсын маань үнэт бахархал болдог гэдгийг зочид онцолж байв.
Төрийн далбааны өдрийн арга хэмжээ өглөө 09.30 цагт цэргийн ёслолын жагсаалаар эхэлсэн. Жанжин тугийг залж, төрийн далбаагаа мандуулсан юм. Цэргийн үлээвэр найрал хөгжимд “Бүгдээрээ сонс” аялгууг эгшиглүүлж, Монгол улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын арга хэхмжээ явснаар өндөрлөсөн юм.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 оноос хойш монголчууд тэмдэглэдэг болсон юм.