
Нийслэл Бээжин хотын гудамж талбайд энд тэндгүй улаан лоозон барьж жагссан иргэд коммунистуудыг магтан дуулж, телевизийн сувгаар нь улаан тайзан дээр болж буй баярын гала тоглолт, жагсаал парадыг шууд дамжуулснаар энэ өдөр Хятад улс улаан коммунизмаар амьсгалж байна.
Энэ жил коммунист намын ойн арга хэмжээний хүрээнд түүхэн хувьсгал болсон газарт 1,2 тэрбум ам.долларын хөрөнгөөр хотхон байгуулсан бол Бээжин хотод алх хадуурыг дүрсэлсэн маш том эмблемийг барьж, Тяньминий талбайд босгожээ. Түүнчлэн 90-ийн тоог дүрсэлсэн цэцгийн мандлыг талбайн төв хэсэгт байршуулж, намын ололт амжилтыг сайшааж, магтсан уриа лоозонгуудыг явган хүний зам харгуйд хаа сайгүй өлгөсөн байна. Мөн Хятадын төр, улаан коммунистууд иргэдийнхээ зүрх сэтгэлд коммунизмын галыг үүрд мөнхлөхөөр олон тооны дуу хөгжмүүдийг шинээр эгшиглүүлж, өдгөө дийлэнх залуусын сонсдог поп хөгжмийн урсгалыг коммунизмын магтаалаар солихоор идэвхийлж байна.
Гэвч Мао Зедуны үед коммунизмын шуурганд бие сэтгэлээрээ өртөж явсан иргэдийн хувьд энэ өдөр сэтгэлийнх нь гүнд нуугдсан шарх, зовлонг эргэн сэдрээж байгаа тухай Хятадын өндөр настай олон иргэд хэлж байна. 82 настай Мао Юши настны хэлснээр “Мао Зедун өнгөрсөн зууны хамгийн зартай алан хядагч байсан тул Хятад иргэдийн зүрх сэтгэлээс удахгүй арчигдах болно” гэжээ. Харин Мао Юшийг ингэж хэлснийх нь төлөө хуучинсаг үзэлтнүүд 50,000 иргэдээс гарын үсгийг нь цуглуулж, зарга үүсгэн, түүнийг яллаж өгөхийг хүсчээ. Энэ мэтээр өдгөөг хүртэл хаалттай, хатуу нийгмийг цогцлоон бүтээсэн коммунист намын үзлийг өдрөөс өдөрт улам бүр нээлттэй болж буй шинэ үеийн Хятад залуус хэрхэн хүлээж авах нь цаг үеийн асуудал болж үлдэх биз.