Их Британийн 5,679 сургууль хаагджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Их Британийн 5,679 сургууль хаагджээ

Тэтгэврийн өөрчлөлтийг эсэргүүцсэн ажил хаялтын улмаас Их Британид хэдэн мянган дунд сургууль хаагдаад байна. 100,000 гаруй хүн оролцсон ажил хаялт шийдвэрт нөлөөлөхгүй гэж  Засгийн газар мэдэгджээ. Тус улсын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос мэдэгдэж буйгаар  энэ удаагийн ажил хаялт урьд гарч байсан ажил хаялтуудаас хамгийн олон хүн оролцсон өргөн цар хүрээтэй болж буй нь гэнэ. Ажил хаялт ажил олгох төв, хилийн шалган нэвтрүүлэх пост болон пасспортын албаны ажилд нөлөөлжээ.

Үйлдвэрчний эвлэлүүд нэгдэж ажил хаялт зарласнаас Англи, Уэльсийн  5,679 сургууль хаагдаж, 4,999 сургууль хагас ажиллаж байгаа ажээ. Засгийн газар тэтгэврийн хэмжээг өөрчилсөн шийдвэрээ татвар төлөгчдөд хамгийн тохиромжтой хувилбар гэж үзэж, үйлдвэрчний эвлэлүүдтэй хэлэлцээр хийж байгаа ажээ. Засгийн газрын үзэж буйгаар  Британийн нийт ажиллах хүчний тавны нэг хувь нь ажил хаялт зарласан бөгөөд ажилчдын 75 хувь нь ажил хаялтад оролцоогүй тул шийдвэрээ өөрчлөхгүй ажээ. Ажил хаялт зарласан үйлдвэрчний эвлэл ирэх долоо хоногт Засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцээрийн ширээнд суух юм. Хэрэв засгийн газар үйлдвэрчний эвлэлийн шийдвэрийг хүлээж авахгүй бол ажил хаялтыг намар хүртэл үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Одоогоор Их Британи, Уэльсийн багш нарын үндэсний эвлэл, Их сургууль, коллежийн багш, лекторуудын холбоо ажил хаялтад нэгдээд байна. Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Фрэнсис Моуд үйлдвэрчний эвлэлийн шаардаж буй тэтгэврийн саналыг  хүлээж авах боломжгүй гэж мэдэгджээ. Британийн засгийн газрын үзэж буйгаар 1999-2009 оны хооронд тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 32 тэрбум еврод хүрсэн учраас 2060 он гэхэд тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг ДНБ-ний 1.9-1.4 хувь хүртэл бууруулах шийдвэр гаргасан нь үйлдвэрчний эвлэлүүдийг нэгдэж, ажил хаяхад хүргээд байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж