Украины бизнес эрхлэгчид Монголыг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Украины бизнес эрхлэгчид Монголыг сонирхож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украйн Улсад хийсан Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар, Украины Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зургадугаар сарын 29-ний өдөр “Украин-Монголын бизнес форум”-ыг Киев хотноо зохион байгууллаа. Форумд, Монголын талаас албаны болон бизнесийн 40 гаруй төлөөлөгч, Украины талаас албаны, бизнесийн нийлсэн 160 гаруй  төлөөлөгч оролцов.

Монгол Украины эдийн засгийн харилцаа, худалдаа эргэлтийн хэмжээ тийм ч сайн биш байгаа бөгөөд энэ чиглэлээрхи яриа хэлцлүүдийг идэвхжүүлж, хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгтэй гэдгийг айлчлалын хүрээнд болсон уулзалтуудын үеэр хоёр тал санал нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа билээ. Хуучин ЗХУ-тай хийдэг байсан худалдаа эргэлтийн 6.1 хувь буюу 25 сая гаруй ам долларын худалдаа эргэлт Украинд ногддог байв. Манай улс Украинаас трактор, хар төмөрлөгийн цувимал, ган хоолой, цахилгаан хөдөлгүүр, шахуурга, эрчим хүчний тоног төхөөрөмж, “АН” төрлийн онгоц, сэлбэг хэрэгсэл, өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа авдаг байсан.

2010 оны байдлаар монголоос украинд 2.4 сая долларын бараа (голдуу хайлуур жоншны баяжмал) экспортолжээ. Харин украинаас 41.9 сая ам долларын бараа (төмөр замын зүтгүүр, барилгын машин механизм, тамхи, хүнс) импортолсон байна. Монголд украины хөрөнгө оруулалттай 48 компани бүртгэгдсэн байдаг юм байна.

“Украин-Монголын бизнес форум”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Украин Улсын Ерөнхийлөгч В.Ф.Янукович нар оролцож үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэн хамтран ажиллахын давуу талууд болон, уул уурхайн томоохон төслүүд эдийн засгийн эргэлтэд орж байгаатай холбогдуулан манай улсын зүгээс баримталж байгаа бодлогыг дурдаж, украины хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг монголд хөрөнгө оруулахыг урив. Ерөнхийлөгч В.Ф.Янукович, эдийн засгийн өсөлт нь тогтвортой байгаа Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд, украин монголын хооронд хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хичээн ажиллах болно гэсэн юм.

Уг форумыг украины талаас тус улсын Эдийн Засгийн дэд сайд,  Украин-Монголын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн Газар Хоорондын Комиссын украины хэсгийн дарга Василий Мармазов, монголын талаас Батлан хамгаалахын сайд, Украин-Монголын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн Газар Хоорондын Комиссын монголын хэсгийн дарга Л.Болд нар нээж,  Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга З.Баттүшиг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Х.Даваадорж нар илтгэл тавьж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулсан. Мөн Украины “КРАЗ”, Крюковын галт тэрэг угсрах үйлдвэр болон “Геотехнология”, монголын Оюу-Толгой ХХК-ийн дэд захирал Т.Мөнхбат нар өөрийн компанийн үйл ажиллагааг товч танилцуулан илтгэл тавилаа.

Форумын үеэр хоёр талын оролцогчид ганцаарчилсан уулзалт хийж, хэд хэдэн гэрээ байгууллаа. Тухайлбал, украины Крюковын галт тэрэг угсрах үйлдвэртэй  Монгол Улсын “Жи И Эн Ти” компани  ачааны вагон, сэлбэг хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнийг Монголд борлуулах дилерийн гэрээ байгуулсан. Мөн Украины "Олон улсын биоэнэрги технологийн академи" (Международная академия биоэнерготехнологий)  Монголын “Ирвэс интертрейд” ХХК-ийн хооронд , шинэ технологиор эрчим хүч гаргах "БЭЛКА" төхөөрөмжийг Монголд нийлүүлэх, угсрах төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж