Төмөр замын тариф Оросын нүүрсний экспортыг “тушина”

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Төмөр замын тариф Оросын нүүрсний экспортыг “тушина”

Боомт руу нүүрс тээвэрлэх зардал өндөр байгаа нь Оросын нүүрсний экспортын боломжийг үлэмж хэмжээгээр сулруулна гэж тус улсын томоохон компанийн төлөөлөл мэдэгдлээ. Орост зүтгүүр, ачааны галт тэрэгний олдоц хязгаарлагдмал байгаа дээр ложистикийн хэт өндөр зардал “гал дээр тос нэмж” буй ажээ.

“Тээврийн зардал Оросын нүүрсний үнийг нэг дахин нугалснаас ч илүү өртөгтэй тусч байна” гэж тус улсын нүүрсний магнат “СУЭК”-ийн Стратеги, хөгжлийн дэд ерөнхийлөгч Анна Белова мэдэгдсэн байна. Боомт дээрх нүүрсний үнийн 60 хувийг тээврийн зардал эзэлж буй ажээ. Үлдсэн 40 хувь нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой өртөг болж байгааг тэрбээр тайлбарласан байна.

Түүнчлэн Fams-ын дэд тэргүүн Анатолий Голомолзин “Тээвэрлэлтэд маш олон асуудал байгаа. Галт тэрэгний хувьд 40 хувь нь хувийн эзэмшилд, 60 хувь нь Оросын төмөр замын мэдэлд байна” гэсэн бол тус улсын худалдааны нэгэн компанийн төлөөлөл “Вагон олж авахад туйлын хүндрэлтэй байна. Эрэлт нэмэгдэж, үнэ бүхэлдээ чангарч байгаа энэ үед ямар ч өрсөлдөөн алга. Би зөвхөн дотоодын зах зээлд л худалдаа хийх ёстой болж байна. Бидний хувьд Европ, Хятад руу бүтээгдэхүүн экспортлох ямар ч боломж алга” гэжээ. “Wood Mackenzie”-гийн нүүрсний нийлүүлэлтийн шинжээч Steve Hulton нүүрсний үнэ дэх тээврийн зардлын эзлэх хувь бусад улстай харьцуулахад өндөр байгааг хүлээн зөвшөөрчээ. Харин худалдан авагч тал буюу Хятадын импортлогч компанийн төлөөлөл Оросын нүүрс Австрали, Колумб зэрэг улсуудынхтай харьцуулахад тонн тутамдаа 5 ам.доллараар хямд буйг онцолжээ.

Оросын Шинжлэх ухааны академийн Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн мэдээлж буйгаар тус улсын нүүрс олборлолт 2030 он гэхэд одоогийнхоосоо 30 хувиар нэмэгдэж 420 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Үүний 170-180 сая тонн нь экспортод гарах юм. Тус улс 2010 онд 317 сая тонн нүүрс олборлож, 115.7 сая тонныг нь экспортолжээ. 

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж