Зуслангийн зам засвар эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Зуслангийн зам засвар эхэлжээ

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтийн шинэ гүүр, Хандгайт чиглэлийн 16.35 километр автозамыг шинэчлэх шийдвэр гаргаж, төсөвт өртөгийг нь автозамын хөрөнгөөс гаргахаар болсон.

 

Явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг гээд борооны ус зайлуулах шугамыг нь шийдсэн, долоон сантиметрийн зузаантай уг цогц замыг барихаар таван компани тендерт шалгарч, энэ сарын 04-ны өдрөөс ажлаа эхлүүлжээ.

 

Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл замыг хааж, зам засварын өргөтгөл шинэтгэлтийн ажлыг гүйцэтгэгч компаниуд хийж байна.

 

Гүйцэтгэгч "Эрдэнэзам" компанийн талбайн инженер Г.Мөнхийн мэдээлснээр энэ хэсгийн замын зорчих хэсэг есөн метрийн өргөнтэй зам, 2 метрийн өргөнтэй дугуйн зам,  1.5 метрийн өргөнтэй явган хүний замтай болох аж.

 

Төлөвлөгөөний дагуу ажиллавал Үндэсний баяр наадмын үеэр зуслангийн замын зорчих хэсгийг нээх боломжтой юм байна. Одоогоор замын хоёр талын хөрсийг хуулах, тэгшлэх ажил явагдаж байна. Мөн зам дагуух айлын газруудыг чөлөөлөх ажил давхар хийгдэж байгаа гэдгийг "Эрдэнэзам" компанийн талбайн инженер Д.Өнөржаргал ярилаа.

 

Энэ жилийн бүтээн байгуулалтын ажил зуны турш үргэлжлэхээс болоод иргэд бухимдалтай байгаа ч зам засварын ажил дууссаны дараа шинэ замаар түгжрэлгүй зорчино гэсэн хүлээлттэй байгаа.

 

Одоогоор зуслангийн замын зорчих хэсгийг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг зохицуулж байна. Ингэхдээ зуслан чиглэлд амьдардаг иргэдийн иргэний үнэмлэхийг шалган, автомашиныг нь зорчуулж байгаа ажээ. Энэ өдрүүдэд жил дөнгөж эхэлж байгаа болохоор замыг хэсэгчлэн хааж болж байгаа. Харин замын өргөтгөл шинэчлэлтийн ажил гүйцэтгэх үеэр хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм байна.

 

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж