Туулд хэдэн хувийн бохирдолтой ус нийлүүлсэн нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Туулд хэдэн хувийн бохирдолтой ус нийлүүлсэн нь тодорхойгүй байна

Цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг 1979, 1985 онд ашиглалтад оруулж түүнээс хойш засвар, шинэчлэл огт хийгээгүйгээс тунгаагуурын хананд цооролт үүсч, цэвэр бохир ус нийлээд байсан юм. Энэ чигээрээ явбал ирэх жил гэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болох аюул нүүрлээд байлаа. Иймээс Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас 40 сая төгрөгийг гаргаж, өнгөрсөн 13-14 ний шилжих шөнө урсгал засварын ажлыг хийсэн юм. 21 цагийн хугацаанд үргэлжилсэн Төв цэвэрлэх байгууламж дахь засварын ажлын үеэр нийт 26 арьс, шир, архи, пивоны үйлдвэрийн усыг 36 цагаар хаажээ. Харин орон сууцны айл өрхүүдийн хэрэглээний усыг багасгаж, зарим газар 11 цагийн хугацаанд хязгаарлалт хийсэн тухай УСУГ-аас мэдээлж байна.

Мөн засварын үед бохирыг 50 хувь цэвэршүүлээд Туул гол руу нийлүүлсэн. Ингэхдээ 70 мянга 900 метр куб усыг цутгасан гэлээ. Энэ удаагийн засварын ажил зөвхөн аюулын харангийг л нэг удаа тогтоосон болохоос төв цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчилсэн асуудал бишээ гэдгийг ч албаныхан онцоллоо. Цаашид Төв цэвэрлэх байгууламжийг цогцоор нь шинэчлэхгүй бол дахин Улаанбаатар хот бохирдоо шумбах аюултай гэдгийг давхар сануулъя.

Засварын ажлыг Сонгинохайрхан дүүргийн Аврах гал унтраах ангийн 26-р ангийн бие бүрэлдэхүүн, УСУГ-инженерүүдээс бүрдсэн 70 гаруй хүний баг хийж гүйцэтгэжээ. Мөн усны төв лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Туулд нийлүүлсэн уснаас дээж авч, яг хичнээн хувийн бохирдолтой усыг Туул голд нийлүүлсэн бэ гэдгийг нарийн шинжлэх юм. Шинжилгээний хариу тав хоногийн дараа гарна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж