"Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл" долоон хоног арга хэмжээг Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран энэ сарын 15-19 ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Ногоон эдийн засаг нь тогтвортой хөгжилд хүрэх ядуурлыг арилгах гол арга зам болохыг НҮБ онцлон 2020 он гэхэд дэлхийн 30 улсыг ногоон эдийн засагтай улс болгохоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. 30 улсын хамгийн эхний улсаар Монгол улс албан ёсоор сонгогдож, улсынхаа ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлж, энэ хүрээндээ эдийн засгаа ногооруулах үйл ажиллагааг шат дараатай эхлүүлснэээ салбарын дэд сайд нь ярьлаа. Улс орнууд энэхүү ногоон эдийн засгийг хөгжүүлснээр ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгах боломжтой гэж талууд тооцоолжээ.
Жишээлбэл дотоодынхоо эрчим хүчийг ногооруулах буюу сэргээгдэх эрчим хүчээр хангадаг байх, одоогийн уурхайн үйл ажиллагааг хаагаад үйлдвэрүүдээ зогсоох биш, уурхай яаж ажиллавал ажлын байр нэмэгдэж, ард түмэнд хэр хүртэлтэй байж, байгаль орчинд хоргүй байх вэ гэдгийг тодорхойлох явдал гэнэ. Нэг ёсондоо ногоон ажлын байрыг бий болгож, эдийн засгийг ногооруулах хамгийн эхний алхам нь худалдаа үйлдвэрлэл эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжээ дэмжих. Иймээс ч эко бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирдэг ААН, байгууллагуудыг гаалийн татвараас чөлөөлсөн байна.