Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил “дуншиж” байна. Эмнэлэг барих шийдвэр гарсан 2009 онд төрсөн хүүхдүүд сургуульд оржээ. Монголчууд 2,7 саяулаа байхад эхэлсэн энэ барилга гурван саяулаа болоход барилга биш караказ хэвээрээ байгаа юм.Бага өртөг хэлж тендер аваад, дараа нь их үнэ нэмж тэнгэрт хадаагаад, барилга ч биш балгас болгодгийн нэг жишээ нь энэ барилга юм. Зургаа дахь жилдээ тус барилгын ажил дунших уу гэдэгт салбарын сайд нь үгүйсгэсэн тайлбар өглөө. Учир нь Яармагт дахь нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийг барих ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцөлтэйгээр буюу концессын гэрээгээр "Ачтан" эмнэлэг барихаар болжээ. Харин Түлэнхийн төвийн барилгыг нурааж, эхний блокийн барилгыг эхлүүлнэ гэсэн таатай мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сард ЭМСЯ-наас өгөөд байсан. Гэвч энэ шийдвэр дахин хойшлогдсон тухай бид өмнө мэдээлсэн. Товчхондоо хэрвээ Түлэнхий төвийн барилгын ажлыг ЭМСЯ, Цаст констрашкн компанийн гаргасан зураг төслийн дагуу эхлүүлчихвэл "б" блокийн барилгын суурийг ухахад хөрсний нуралт үүснэ. Улмаар эхэнд барьсан "а" блокийн барилга шууд нурах аюултай гэдгийг мэргэжлийн архиктерууд тодотгосон. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон тохиолдолд ЭМСЯ хоёр барилгын суурийг эхлүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах нь хамгийн зөв гарцаа гэсэн тайлбарыг хөндлөнгийн шинжээчид өгөөд байгаа. Үүний дагуу салбар яамнаас нь б блокийн буюу хоёр дахь барилгыг барих компанийг шалгаруулах тендэрийг зарлажээ.