Эмнэлгүүд зээлээр эмээ авч байна Энэ онд эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн эм, эмийн хэрэгслийн төсөв 40 хувиар танагдан батлагдсан нь эм тариагаа, эм ханган нийлүүлэгчдээс зээлээр авахад хүргэсэн байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хэвтэн эмчлүүлэгчдэд шаардлагатай эм, эмийн хэрэгслээ зээлээр авч, эм ханган нийлүүлэгчдэд 659 сая төгрөгний өртэй болжээ.
Энэ өрийг яаралтай дарахгүй бол цаашид ханган нийлүүлэгчдийн зүгээс зээлээр өгөх боломжгүй гэсэн тайлбарыг хийсэн байна. Иймээс ЭХЭМҮТ-ийн удирдлагын зүгээс эм тарианы өрийг яаралтай шийдэж өгөхийг Сангийн яамнаас хүсчээ. Тулгамдсан энэхүү асуудлыг Сангийн яамныхан хэлэлцэж үзээд 659 сая төгрөгний зээлийн төлбөрийг улсын төсвөөс барагдуулах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар ЭХЭМҮТ-ИЙН ерөнхий захирал Ш.Энхтөр “Улсын төсөвт ЭХЭМҮТ-ийн нэг сарын эмийн хэрэглээний зардал 363 сая төгрөг байхаар батлагдсан. Гэвч бодит тооцооллоор эмнэлгийн нэг сарын эмийн төсөв 520 сая төгрөг болж байна. Энэ нь төсөвт тусгагдсан мөнгөн дүн дээр сар бүр 157 сая төгрөгний эм тариаг зээлээр шийдэхээс өөр аргагүйд хүрсэн” гэлээ. Гэхдээ “Хэдий эмийн төсөв танагдаж хасагдсан ч иргэдээрээ эм тариа зөөлгөөгүй. Шаардлагтай эм тариаг зээлээр авч, эмийн дутагдлыг нөхөх арга хэмжээнүүдийг авсан” тухайгаа Ш.Энхтөр эмч ярив.