Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх цэвэр усны болоод дулааны шугамыг бүхэлд нь шинэчлэх засварын ажил энэ сарын 7-ноос эхлэн ирэх наймдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл, Цэцэг төвөөс Улсын их дэлгүүрийн уулзвар хүртэл, мөн Баруун дөрвөн зам хүртэл гэж гурван хэсэгт хуваан замыг хөдөлгөөнийг хааж засварыг хийх юм байна. Засвар хийх хугацаанд буюу энэ сарын 7-ноос ирэх наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл тролейбус иргэдэд үйлчлэхгүй бөгөөд зарим замын урсгал чиглэлийг өөрчилж, замын хөдөлгөөнийг хязгаарлах гэнэ. Мөн хотын төв замыг ийнхүү хэсэгчлэн хааснаас үүдэн замын хөдөлгөөний ачаалал огцом ихсэнэ гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа тул хотын төв замуудад автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор оролцуулах саналыг гаргасан юм. Энэ асуудлыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр эцэслэн шийднэ.