Нийслэлд 119 сургууль, 180 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд сургуулиудын урсгал засварт 290 сая төгрөг, харин цэцэрлэгүүдийн засварт 100 сая төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болжээ. Тооцоолж үзвэл энэ жил нэг сургуулийг засахад улсаас гурван сая төгрөгийг төсөвлөсөн байгаа юм. Гэтэл энэ нь олон анги танхимтай сургуулийг засахад хаанаа ч хүрдэггүй байна.
Иймээс эцэг эхчүүдийн дэмжлэгийг сургууль, цэцэрлэгийн урсгал засварт авах зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Нэгэнт улсаас төсөвлөсөн хөрөнгө нь хүрэлцэхгүй учраас эцэг, эхчүүдийн зүгээс ч хүүхдийнхээ анги засварын мөнгийг өгсөөр хэвшил болсон. Нийслэлийн боловсролын газрын мэдээлж буйгаар засварын мөнгөнд эцэг эхчүүдээс дээд тал нь 15 мянган төгрөгийг л авах учиртай гэв. Гэтэл зарим сургуульд эцэг эхчүүдээс их хэмжээний мөнгө нэхэх явдал гарчээ. Гэхдээ сүүлийн хоёр жилд энэ талын гомдол багассан байна.
Засварын ажил эхэлдэг энэ үед нийслэлийн Боловсролын газраас ч сургууль, цэцэрлэгийн урсгал засвар явуулах зөвлөмжийг гаргажээ. Энд дурьдсанаар:
-Жил бүр эцэг, эхийн төлөөллийг багтаасан хэсэг гарган анги танхимд шаардлагатай засварын ажлын тооцоог гаргаж өгч байх.
-Эцэг эхчүүдээс авах дэмжлэгийн хэмжээг хоорондоо зөвшилцсөний үндсэн дээр тогтоож байх.
-Аль болох мөнгөнөөс өөр хэлбэрээр засварт шаардлагатай хэрэгслийг эцэг эхчүүдээс авах.
-Засварын ажлын тайлан тооцоог эцэг эхчүүдэд нарийвчлан гаргаж өгөх зэрэг шаардлагыг тавьжээ. Ингэснээр эцэг эхчүүдээс засварын мөнгө нэрийдлээр илүү мөнгө авах явдал зогсоно хэмээн албаныхан тайлбарлаж байна.