-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 25-ны өдрийг хүртэл Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, өнөөдөр Токио хотноо болох “Азийн ирээдүй” форумд оролцож илтгэл тавих юм. Энэхүү арга хэмжээг Японы Никкэй сонин жил бүр зохион байгуулдаг бөгөөд үүнд дэлхийн нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд оролцсоор ирсэн юм. Энэ удаагийн айлчлал нь Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, мөн хоёр талын болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход чухал ач холбогдолтой болох юм байна.
-Баянгол дүүргийн 16 дугаар байрны хөрсний хүчитгэлийн ажил 80 хувьтай явж байгаа талаар Засаг дарга Д.Оросоо мэдээлж байна. Гурван үе шаттай хийж байгаа хөрс хүчитгэлийн ажлын сүүлийн хэсгийг өнөөдөр дуусгана гэв. Энэ удаад хөрс хүчитгэлийн ажлыг өндөр төвшинд хийсэн. Иргэдийн хувьд айх аюулгүй гэх мэдээллийг өгөв. 16 дугаар байрны оршин суугчдын зарим нь гэртээ орохоор болсондоо баяртай байгаа бол, зарим нь бага зэрэг айдастай, мөн ийм байр нийслэлд олон байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.
-Арав гаруй жилийн хугацаанд бүртгэгдэлгүй намжаад байсан улаанбурхан өвчин өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Монгол Улсад дэгдэж бага насны хүүхдүүд төдийгүй оюутан залуус энэхүү халдвараар цөөнгүй өвчилж эхэлсэн. Энэ удаагийн вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир нь өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч энэ өвчний халдвар авах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс өвчний тархалтыг зогсоох үүднээс энэ сарын 15-наас 25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн бага насны хүүхдүүдэд дархлаажуулалт хийж эхэлсэн. “Нийслэлийн хэмжээнд 170 мянган хүүхдэд вакцин хийлгэхээс өчигдрийн байдлаар 30 хувьд урьдчилан сэргийлэх вакцин хийгээд байна.
-УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барихаа өчигдөр мэдэгдлээ. Тэд хуульд заасны дагуу уг санаачлагыг дэмжсэн 19 гишүүний гарын үсгийг цуглуулаад огцруулах асуудлаар тогтоолын төсөл өргөн барина гэсэн юм. Ийм асуудал тавих болсон нь Оюутолгойн далд уурхайн ажлыг үргэлжлүүлэх болсонтой холбоотой аж. УИХ-ын гишүүн Г.Уянга өмнө нь чуулганы хуралдаан дээр Оюутолгойг ард түмэнд ашиггүйгээр явуулбал Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавихаа мэдэгдэж байсан юм.
-Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” бодлогын баримт бичгийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73 хувь нь дэмжжээ. Эрчим хүчний нэгдсэн систем, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэхэд бага дунд хэмжээний санхүүжилт шаардсан төсөл, хөтөлбөрийн биелэлт 90 хувь, их хэмжээний хөрөнгө шаардсан ажлын биелэлт ердөө 5 хувьтай байгааг энэ салбарынхан хэлж байна. Нөгөө талаас эрчим хүчний салбарыг зах зээлийн дараагийн горимд шилжүүлэх шаардлага гарсан нь энэ салбарт баримтлах бодлогыг шинэчлэн батлах нэг шаардлага болжээ.
-Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд архи, согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч олгодог байхаар зааж өгсөн юм. Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэх цагийн хязгаарыг Засаг дарга тогтоохоор заасан байна. Харин худалдан борлуулах цэгийг нь аймаг, нийслэлийн ИТХ тогтооно. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд цагийг зааж өгөхгүй байх нь сөрөг үр дагавар дагуулах вий гэдэг болгоомжлолтой байгаагаа санууллаа. Улмаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.