Монгол хүний оюуны бүтээмж дэлхийн зах зээл дээр гарах хамгийн ойрын гарц бол соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам үзэж байна. Иймээс өнөөдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн Олон улсын чуулганыг эх орондоо зохион байгуулж байгаа юм. Салбар яамнаас нь Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулсан. Харин энэхүү чуулганаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэлхийн түвшинд өөр өөрсдийн соёл бүтээлээ амжилттай нийлүүлж яваа уран бүтээлчдийн саналыг тусгахаар болжээ. Хэдийгээр манай улсын ганц нэг кино жүжигчид, хамтлаг дуучид ОУ-ын урлагийн зах зээлд хөл тавьж эхэлсэн ч энэ тоог хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх үндэснийхээ соёлын бүтээгдэхүүнийг чадварыг ахиулах вэ. Ямар арга барилаар ажиллаж байж, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлийг туурвих вэ гэх асуултууд дээрх чуулганаас хариулт олох юм. Гэхдээ соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж ярьж байгаа ч эдийн засгийн утгаараа бодит амьдрал дээр хүнсний үйлдвэр, цементийн үйлдвэр гэдэг шиг соёл урлагийн салбар яригдаж чадахгүй байгаа. Хөрөнгө оруулагчид эдийн засагчид соёлын салбараас мөнгө олно гэж хардаггүй. Уг нь соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд жоохон ч гэсэн анхаарлаа хандуулаад тодорхой хөрөнгө мөнгө хаяад, түүнийхээ араас сайн маркетинг, менежментийг хийж чадах юм бол энэ салбараас ашиг орлого олж болно гэж харах нэгэн ч байна.