Монгол улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуус эзэлдэг. Ингээд хүн амынх нь дийлэнх хувийг залуус эзэлдэг ч тэднийг эрхийг хамгаалах, боловсорч хөгжихөд нь чиглэсэн хөрөнгө оруулалт хангалттай түвшинд байхгүй байгааг залуус ярьж байна. Хэдийгээр бүх шатанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж эрх мэдэлтнүүд ярьдаг ч амьдрал дээр их, дээд сургуулиа төгссөн шинэхэн боловсон хүчинд тавигдах шаардлага хэтэрхий өндөр байдаг. Мөн залуусын дуу хоолойг сонсох нь хязгаарлагдмал. Гэхдээ өнөөдөр залуусын дуу хоолойг сонсох чуулганыг анх удаа зохион байгуулж байгаад залуус талархалтай хандаж байна. Тухайлбал энэ чуулганд хөгжлийн бэрхшээлтэй залуусын төлөөлөл оролцож, өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа тавих юм.