Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой хээрийн түймэр гарсан байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дамнан гал түймэр гарсан. Гамшиг дагуулсан гал түймэрт малчид, тариаланчин өрхүүд ихээр хохирч байгаа юм. Гэр орон, эд хөрөнгө, хонь малаа түймэрт алдсан иргэдэд одоо багахан тус ч томд тооцогдохуйц үнэтэй болсон. Энэ үед нийслэлийн сургуулийн сурагчид “Хайрын будаа” аяныг сургууль бүртээ өрнүүлэн гудас, хөнжил, будаа, гурил, гоймон зэрэг өөрсдийн хэмжээнд өгч болох хүнс, эд зүйлсийг цуглуулснаа өнөөдөр гардуулсан юм.
Нийслэлийн сурагчдын хандив Улаан загалмайн контайнерт багтахаа байжээ. Сурагчид нийтдээ 26 мянган эсгий гудас, 27 мянган хөнжил, 15 тонн цагаан будаа, тонн гаруй гурил, нэг боодол хувцас, 35 ширхэг ургамлын тос зэрэг сэтгэлийн илгээмж цуглуулсан байна.
Нийслэлийн сурагч бүрийн дэм тусаар бүрдсэн тусламжийн цуваа өнөөдөр гал түймэрт өртсөн гурван аймгийг зорин хөдөлсөн. Сурагчдын халуун сэтгэл, дэмээр бүтсэн энэ тусламж гал түймэрт орон гэр, эд зүйлс, өмч хөрөнгөө алдсан малчин, тариаланчдад томоохон тус болно хэмээн итгэж байгаа юм.