Хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн тамхины хяналтын тухай хууль өнөөдөр "хазгай, муруй" хэрэгжиж байна. Учир нь олон нийтийн газар, сургуулийн орчим тамхи татахыг хязгаарлачихаад татах газрыг нь тодорхой шийдэж өгөлгүй өдийг хүрсэн юм. Уг нь өнгөрсөн нэгдүгээр сараас хотын төв гудамж дахь автобусны буудлуудад 6-8 хүний багтаамжтай, үнсний сав, утааг шүүж хоргүйжүүлэн агаарт буцаан гаргах фильтертэй тамхи татах хэд хэдэн "түцнүүдийг" нийслэлээс бариад байгаа. Одоогоор бөхийн өргөө, Баруун 4-н зам, Өргөө, Бөмбөгөр зэрэг газруудад байгуулагдсан энэхүү тамхи татах цэг нэг нь 5-6 сая өртөгтэй. Нийслэлийн гудамжинд нийт 300 сая төгрөгний өртөгтэй 50-60 ийм цэгийг байгуулах юм байна. Хотын төв зам дагуух автобусны буудлууд, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийг түшиглэж энэ цэг байгуулагдана. Нийслэл байх ёстой тамхины цэгийг бүгдийг босгосоны дараа ирэх долдугаар сараас зориулалтын дагуу ажлуулж эхлэх төлөвлөгөөтэй байна.