Катарын Доха хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан Монголын багийн гурван тамирчин, нэг дасгалжуулагч визний асуудлаас болоод 36 цаг хоригдож өнгөрөгч баасан гарагт эх орондоо ирсэн талаар бид мэдээлсэн.
Тэдний хэлж буйгаар Монголын чөлөөт бөхийн холбооны өгсөн электрон виз гэх зүйл нь хуурамч виз хэмээн мэдээлсэн. Эх орныхоо нэрийг гаргахаар хөлс хүч, цаг хугацаагаа зарцуулан бэлдэж байхад Чөлөөт бөхийн холбоо нь ийм хариуцлагагүй үйлдэл гаргасанд тамирчдын зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн.
Харин Монголын чөлөөт бөхийн холбооноос албан ёсоор ямар нэг мэдээлэл хийгээгүй хэвээр байна. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхтэй утсаар холбогдоход, “Албан ёсоор хэвлэлийн хурал хийнэ” гэхээс өөрийг хэлээгүй. Харин нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэрээс бид энэ талаар тодруулахыг хүссэн юм. Гэхдээ одоогоор Чөлөөт бөхийн холбооныхон ерөнхийлөгч Д.Дагвадоржийгоо ирэхээс нааш албан ёсоор мэдээлэл хийхгүй бололтой.