Нийслэлчүүд одоогоос жил гаруйн өмнө нийтийн тээврийн салбарт картын систем нэвтрүүлж, бэлэн бус төлбөрийн тогтолцоог нэвтрүүлнэ гэхэд “Энэ нь манай улсад тохирохгүй. Туулайчилж явах үзэгдэл хавтгайрна” зэргээр дэлхий дахины хөгжлийг хүлээн авах бэлтгэлгүй байсан. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн бэлэн бус төлбөрийн системтэй туршилтын 30-н нийтийн тээврийн автобус үйлчилгээнд гарч эхэлсэн. Зургаадугаар сар хүртэл ухаалаг системийн үйлчилгээг туршина. Харин долдугаар сарын нэгний өдрөөс нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа 900 автобус бүгд ухаалаг системд шилжих юм. Өөрөөр хэлвэл тээвэрт явах автобусууд бүгд цахим картаар төлбөрөө хийнэ. Кондуктарууд хяналтын үүрэг гүйцэтгэдэг болох юм. Ингээд ухаалаг систем нийтийн тээвэрт бүрэн утгаараа нэвтэрчихвэл яг ямар чиглэлд хүн их зорчдог. Аль автобусны буудалд хүн их төвлөрдөг вэ. Автобусууд хот дотор зорчихдоо ямар хурдтай, яаж явж байна зэргийг хянах боломжтой болно. Мөн нийтийн тээврээр зорчдог иргэдийн судалгааг ч цогцоор нь гаргах юм. Товхондоо бүх том оврын автобусуудад хяналтын камер суулгаж, нэгдсэн удирдлагын төвөөс хянадаг болно. Тухайлбал зорчигч та хулгайд эд зүйлээ алдчихвал удахгүй бий болох нэгдсэн удирдлагын төвд тухайн зорчсон автобусынхаа камерийг хянаж, шүүж болох юм.