Түлэнхийн төвийн барилгын ажил дахин хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Түлэнхийн төвийн барилгын ажил дахин хойшлогдлоо

Түлэнхийн төвийн барилгыг нурааж, эхний блокийн барилгыг эхлүүлнэ гэсэн таатай мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сард ЭМСЯ-наас өгөөд байсан. Гэвч энэ шийдвэр дахин хойшлогджээ.

 

Уг нь түлэнхийн төвийн шинэ барилга хоёр корпусаас бүтэх зураг төсөлтэй. Зургийн төслийн дагуу 2 блокоос бүрдэх энэ барилгыг барихад  26 тэрбум төгрөг шаардлагатай болсон юм. Гэвч УИХ 2014 онд уг барилгыг барихад шаардагдах хөрөнгийг үндэслэлгүй тооцоолол гэсэн шалтгаанаар улсын төсвөөс хассан байдаг. Харин энэ онд 2,6 тэрбум төгрөгийг эхний ээлжийн барилгаа эхлүүл гэсэн заавартайгаар УИХ төсөвт суулгаж өгсөн юм. Хэрвээ Түлэнхий төвийн барилгын ажлыг ЭМСЯ, Цаст констрашкн компанийн гаргасан зураг төслийн дагуу эхлүүлчихвэл "б" блокийн барилгын суурийг ухахад хөрсний нуралт үүснэ. Улмаар эхэнд барьсан "а" блокийн барилга шууд нурах аюултай гэдгийг мэргэжлийн архитекторууд тодотгосон. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон тохиолдолд ЭМСЯ хоёр барилгын суурийг эхлүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах нь хамгийн зөв гарц гэсэн тайлбарыг хөндлөнгийн шинжээчид өглөө. Гэвч ЭМСЯ-наас өөр ямар техникийн нөхцөл, зураг төслөөр эхний барилгыг барих боломжтой вэ гэдэг гарцыг хайж байгаа тухай мэдээлсэн. Ингэсээр байтал Түлэнхийн төвийн барилга дахин нэг, хоёр жилээр хойшлогдох вий дээ гэсэн айдас иргэдэд байна. Уг нь салбар яам нь хариуцсан ажлаа сэтгэл гаргаад үүссэн асуудлыг нэг хоног, нэг сарын өмнө  дорвитойхон шийдчихвэл түлэнхийтэйгээ тэмцэж байгаа нялхасад буян болох юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж