ЧБХ-оос тамирчдын талаар тайлбар хэлэхийг хүссэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

ЧБХ-оос тамирчдын талаар тайлбар хэлэхийг хүссэнгүй

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Катарын Доха хотыг зорьсон Монголын шигшээ багийн тамирчид өчигдөр орой өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан тэмцээнд оролцож чадахгүй болсноо мэдээлсэн.

 

Тухайлбал, “Бид 4 Дубайгийн онгоцны буудал дээр визний зөрчилтэй гээд саатуулагдлаа. Ази тивийн аварга маргааш эхэлнэ. Холбогдох байгууллага хүмүүс Дубайгийн онгоцны буудал болон Катар улсын холбогдох байгууллагуудад хандаж тэмцээнд оролцоход минь туслаач” хэмээн бичсэн байсан юм.

 

Доха хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх баг, тамирчид өнгөрсөн ням гаригт Монголоос хөдөлсөн юм. Гэвч гурван тамирчин, дасгалжуулагчийг визний зөрчилтэй хэмээн үзэж Дубайн хилээр нэвтрүүлээгүйгээс эх орон руугаа буцаж байгаа аж.

 

Бид Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхтэй утсаар холбогдож, хэрэг учраа хэлсэн ч "Эргээд залгая" хэмээн яриа өгөхөөс цааргалан утсаа тасдсан. Чөлөөт бөхийн холбооны байрыг өглөөний 10.00 цагаас хойш манасан ч О.Баянмөнх дарга хөдөө явсан хэмээн туслахаараа  хэлүүлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж