Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдрийг хэвлэл мэдээллийн салбарынхан чуулж, алдаа оноогоо дэнслэхээс гадна хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцдэг. Өчигдөр “Глоб интернэшнл” төв, “Нээлттэй нийгэм форум”, МСНЭ-тэй хамтран дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгээр сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэх зэрэг зөрчил нэмэгдсэн. Улстөрч, нийтийн албан тушаалтнууд, төрийн байгууллагууд нэр төр гутаахтай холбоотой хуулийн зүйл заалтыг сэтгүүлчдийн эсрэг ашиглах нь олширч байгааг онцолсон юм. Хуралд гадаад, дотоодын төлөөлөгчдөөс гадна УИХ-ын гишүүд ч оролцсон.
Монголын хэвлэлийн хүрээлэнгийн 2014-2015 оны судалгаагаар, Монгол Улсын хэмжээнд 400 гаруй ХМХ тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 130 гаруй телевиз, 71 радио, 122 сонин, 92 сэтгүүлд нийт 4400 орчим хүн ажиллаж байгаа гэх дүн гарсан байна. Тэгвэл 2012-2014 оны хооронд сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцох, оролдлого хийх, эх сурвалжаа илчлэхийг албадах, Тагнуулын ерөнхий газраас сэтгүүлчдийг олноор байцаах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилох, цензур болгон ашиглах зөрчил өмнөх жилүүдээс нэмэгдсэн нь түгшүүр төрүүлж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэсэн юм.