Уул уурхайн яамнаас өнөөдөр "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлыг хийлээ. Энэ үеэр дөрөвдүгээр сард уул уурхайн салбарт явагдсан гол үйл ажиллагааны мэдээллийг танилцуулсан юм. Жишээлбэл Энэ оны эхний гурван сарын байдлаар салбарын гол нэрийн бүтээгдэхүүний статистик тоо баримтыг мэдээллээ. Манай улс энэ оны эхний 3-н сард 5.8 сая тонн нүүрс олборлож, 3.2 сая тонн нүүрс экспортлосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 490 мянган тонноор буурсан үзүүлттэй байгаа юм. Уг нь уул уурхайн яамнаас энэ оны эхний 3-н сард 4.9 тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байжээ. Сүүлийн хоёр жилдээ нүүрсний экспорт байнгын хэлбэлзэлттэй байгаа.
Цаашид ч нүүрсний экспорт уналттай байж мэднэ гэсэн тооцооллыг салбарын сайд нь өглөө. Харин энэ салбарын ирээдүйн хөгжилд эерэгээр нөлөөлөх нэг гарц бол гадаад хамтын ажиллагааг сайжруулах гэж энэ салбарынхан ярьж байна. Тиймээс дэлхийн тэргүүлэгч аж үйлдвэржсэн орнууд болох Их долоо улсуудын санаачлагаар хөгжиж байгаа орнуудын гэрээ хэлцэл хийхэд үзүүлэх дэмжлэг туслалцааг бэхжүүлэх зорилготой Их долоо-Коннекс Монгол санаачилгыг эхлүүлжээ. Мөн гацууртын уурхайн ордын төсөл дээр Германы гурван хуульчтай хамтран ажиллахаар болжээ.