Бурхан халдуныг Дэлхийн өвд бүртгүүлэх ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Бурхан халдуныг Дэлхийн өвд бүртгүүлэх ажил эхэллээ

Эзэн Чингэсийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж,хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул юм. Монголын эртний сурвалж бичиг “Монголын нууц товчоон”-д өгүүлсэнээр Их эзэн Чингэс хаан хойч үедээ эрхэмлэн захиж гэрээсэлсэн энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршдог юм. Бурхан халдуныг Чингисийн үеэс тахин шүтэж, онголон хамгаалж ирсэн бөгөөд ХVII зууны үед "Халх журам"-д дархан цаазтай болгосон түүхтэй. Уг уулын төрийн тахилгыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байхаар болсон билээ. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам хамтран Бурхан халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хэсэг гаргажээ. Бурхан халдун уул нь Чингис хааны төрсөн нутаг, Хан Хэнтийн нурууны унаган төрхөө алдаагүй, газрын тогтоц, ус ургамлын жам ёсны хувьслын ул мөрийг тээж үлдсэн үзэсгэлэнт хайрхан юм. Ажлын хэсгийнхэн энэ тухай өгүүлэх судалгаа, шинжилгээний ажил, зурагт хуудас, баримтат өгүүлэл бэлтгэж, энэ ондоо багтан Дэлхийн өвд бүртгүүлэхээр зэхжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж