Ардчиллын 25 жилийн түүхэнд хамгийн томоохон гэгдэх багш нарын ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал суулт одоогоос 20 жилийн өмнө эхэлж байжээ. 1995 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр 84 дүгээр сургуулийн нийт багш нар ажил хаяснаар орон даяар энэхүү ажил хаялт эхэлсэн байдаг. 100 гаруй сургууль, 160 цэцэрлэгийн 6000 багш Сүхбаатарын талбайд суулт хийж, 143 хоногийн ажил хаялт үргэлжилсэн билээ. Тухайн үед ажил хаясан багш нар төр засгаас "Монголын багш нарын амьдрал туйлдаа хүрч, багш нар ганзагын наймаанд гарч, олон хүүхэд сургуулиас хоцрогдож, хөндийрсөн энэ байдал удаан үргэлжлэх боломжгүй юм. Тиймээс багш нарын цалинг 40 хувиар нэмэх, анги удирдсан, дэвтэр зассан, кабинет хариуцсан, ур чадварын мөнгийг цалин дээр олгож байх"-ыг шаардаж байсан гэнэ. Багш нарын ажил хаялт 143 хоногийн хугацаанд үргэлжилж эцэст нь төр засгаас багш нарын хүсэлтийг хүлээн авч зөвшилцөж байсан юм.
Харин өнөөдөр ажил хаялт зарласан багш нарын түр хорооны гишүүдтэй Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн гишүүд, залуу багш нар уулзалт хийж байсан. Энэ талаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзоригоос тодруулахад "1995 оны ажил хаялтыг залуучуудад, залуу багш нарт сурталчилах зорилготой. Тухайн үеийн жагсаал, ажил хаялт нь боловсролын салбарын хямралыг хэрхэн шийдвэрлэж байсныг эргэн дурсах юм. Мөн тухайн үед багш нарын боловсролын салбарт хийж бүтээсэн түүхийг эргэн дурсан яриулж архивлаж авах зорилготой. Гэхдээ одоо ч багш нарын нийгмийн асуудал, амьдрал хэцүүхэн байна шүү дээ. Төр засгаас цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж, зөвшилцөөд гуйгаад үр дүнд хүрэхгүй байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл тэмцэхэд ажил хаяхад багш нар бэлэн байна" гэсэн юм.