Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн тээвэрт 12-оос дээш жил явсан тээврийн хэрэгслийг зогсоохоор болсон. Энэ хүрээнд 2015 он гарсаар нийтийн тээвэрт явж байсан 300 гаруй микроавтобусыг насжилтаар нь хассан юм. Гэвч насжилтын хугацаа нь дууссан дээрх 300 гаруй микроавтобусны ихэнх нь иргэдэд хулгайгаар үйлчилсээр байгаа юм байна. Нийслэлийн тээврийн газрын байцаагчид хулгайгаар тээвэр хийж байгаа насжилт нь дууссан микроавтобусыг газар дээр нь барьдаг ч байцаагч нарын ч хүч хүрдэггүй гэж байна.
Нэг үеэ бодвол нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, том оврын автобусны хүрэлцээ харьцангуй сайжирсан гэж байгаа юм. Шугамын шинэчлэл хийгдэж, автобусны тоо олширсон учраас зорчигчдыг аюулгүй тээвэрлэх асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон хэмээн үзэх болсон. Гэвч зорчигчдын аюулгүй байдлыг бус, зөвхөн өөрсдийн ашиг хонжоогоо хайсан зарим иргэд насжилт нь дууссан микрогоор хулгайн тээвэр хийсээр байгааг хэлж байна. Ялангуяа СХД-т энэ байдал газар авчээ.