“Үндэстэн дамнасан Үндэсний брэнд” үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр боллоо.
Энэ уулзалтаар “Рояал Ресурс Монголиа” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Монгол жинчин” төслийг үндэсний үйлдвэрлэгчиддээ танилцуулсан юм.
Тус төсөл нь дэлхийд танигдсан үндэсний брэндийг бий болгох, гадаад зах зээл дээр гарч өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Төслийн хүрээнд эхний жилдээ 38 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаалж, улсад 466 сая төгрөгийн татвар бүрдүүлэх зорилготой гэдгээ төслийн багийнхан хэлж байлаа.
“Монгол жинчин” төсөл нь орчин үеийн "online to offline" худалдааны бизнес загварчлалыг ашиглах юм байна.
Энэ төрлийн худалдаа ихсэхийн хэрээр чанаргүй бараа олширч байгаа энэ үед загварын жижиг дэлгүүрүүдийг хэрэглэгчдэд ойр газар байгуулах бөгөөд эхний ээлжинд БНХАУ-ын Эрээн хотод энэхүү загвар дэлгүүрээ байгуулахаар ажиллаж байгаа ажээ. Харин энэхүү төсөлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ монголын үндэсний үйлдвэрлэгчдийн дийлэнх нь илэрхийлсэн ч үлдсэн хэсэг нь их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах эсэх болон олон улсын стандартыг хангасан чанартай бүтээгдэхүүн хийх зэрэгт санаа зовж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.