Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украйн улсад хийсэн төрийн айлчлал гурав хоногийн турш амжилттай үргэлжлэн, энэ сарын 29-нд Киев хотноо өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Украйн улсын харилцаа шинэ шатанд хүрч, энэ өдрөөс эхлэн талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болж байна.  Энэ тухай зарим мэдээллийг тоймлон хүргэе. 

Монголд нүүрс, Украйнд технологи нь байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Украйн улсын ерөнхийлөгч В.Янукович нар зургадугаар сарын 29-нд ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Үүний дараа хоёр улсын сайд нарыг оролцуулсан өргөтгөсөн хэлэлцээр хийж улмаар баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Өргөтгөсөн хэлэлцээрийн эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад хамтарсан Засгийн газар ажиллаж байгааг дуулгаад, том том асуудлыг шийдвэрлэх бололцоо байгааг онцолсны зэрэгцээ эдийн засаг өнгөрсөн онд найман хувийн өсөлттэй гарсан тухай тэмдэглэв.

Өргөтгөсөн хэлэлцээрийн дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, Украйн улсын харилцаа олон жилийн түүхтэй болохыг онцолсон. Тэрбээр “1939 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж украйнчууд орос цэргийн хамтаар мөр зэрэгцэн тулалдаж байв. Энхийн бүтээн байгуулалтад ч украйнчууд тусалж байсныг энэ өдөр дурсахад таатай байна. Монголын олон зуун оюутан Украйн улсын их, дээд сургуульд суралцаж мэргэжил эзэмшсэний нэг нь би. Львовын цэргийн сургуулийн баялаг уламжлалаар бахархдаг. 23 жилийн дараа төрөлх сургуулиараа зочилж, мөн Украйн улсад төрийн айлчлал хийж буйдаа баяртай байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын хувьд өргөн хүрээний асуудлаар хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн дүнд Монгол Улс, Украйн улсын харилцаа өнөөдрөөс эхлэн шинэ шатанд гарч байна. Үүнийгээ бид хамтарсан мэдэгдэлдээ тусгалаа. Ирэх жил Монгол Улс, Украйн улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Өнөөдөр зурсан хэлэлцээрүүд энэхүү ойн агуулгыг улам баяжуулах болно” гэсэн юм.

Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Украйны сэтгүүлчдээс тавьсан нэг, нэг асуултад хариулт өгсөн юм.

-Монгол Улс Украйн улстай аль салбарт хамтран ажиллах сонирхолтой байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Монгол Улсын хувьд байгалийн баялаг ихтэй бол  Украйн улс байгалийн баялаг олборлох арвин туршлагатай. Энэхүү туршлага, технологийг Монгол Улс маш их сонирхож байна. Мөн Украйн улсын хувьд цөмийн энерги, хөдөө аж ахуйн салбарт ажиллах чиглэлээр асар их туршлага хуримтлуулсан орон. Тиймээс энэ чиглэлээр ажиллах сонирхол ч бас бий. Худалдааны салбарт Монгол Улс Украйнтай хамтран ажиллах сонирхол байгаа. Энэ бүхэн өнөөдрийн байгуулсан баримт бичгүүдэд туссан.

-Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй. Украйн улс Монголоос нүүрс импортлох сонирхол байгаа юу?

Украйн улсын ерөнхийлөгч В.Янукович:-Монгол Улсаас Украйн улс нүүрс импортоор авч боловсруулах тохиолдолд тээврийн асуудал хөндөгдөх болно. Яагаад гэвэл нүүрсийг Украйн улс руу тээвэрлэхийн тулд ОХУ аар дамжуулах учиртай. Тиймээс тээврийн зардлыг давхар судлах шаардлагатай болно. Ийнхүү хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтарсан хэвлэлийн бага хурлаа өндөрлүүлсэн юм.

Засгийн газрын тэтгэлгээр оюутнуудыг сургана

Монгол Улсын Ерөнхилөгчийн Украйн улсад хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэсэн чухал асуудал нь оюутан сургах тухай хэлэлцээр байв. Хэлэлцээрийн дүнд Украйн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог арваар нэмэгдүүлж 30-д хүргэсэн юм. Ингэснээр жил бүр дээрх тооны монгол оюутан Украйн улсын зардлаар суралцах боломжтой болж буй. Өнөөдрийн байдлаар дээрх улсын их, дээд сургуульд Монголын 100 гаруй оюутан суралцдаг байна. Олонхи нь Нисэхийн сургуульд суралцдаг ажээ. Украйн улсын хувьд их, дээд сургуулиудын дийлэнх хэсэг нь төрийн өмчийнх юм байна. Сургалтын чанар дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалсаар буй. Тэр дундаа цэргийн болон нисэх хүчний чиглэлээр бэлтгэж буй боловсон хүчнүүдээрээ ижил чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй дэлхийн олон орны их сургуулиудаас толгойд бичигддэг байна.  Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын хувьд дэлхийд тэргүүлэх боловсрол олгож байгаа сургуульд боловсон хүчнээ бэлтгэх бололцоо ийнхүү нээгдлээ. Одоогоор Украйн улсын их, дээд сургуулиудын сургалтын дундаж төлбөр 2500 ам.доллартай тэнцэж байна. 

Гамшиг тохиолдоход харилцан тусална

Айлчлалын үеэр Онцгой байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар Украйн улсын сайд нарын танхим хоорондын хэлэлцээрт Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, Украйн улсын Онцгой байдлын сайд В.Балого нар гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээрийг хоёр улсын Онцгой байдлын байгууллага анх удаа байгуулж буй аж. Хэлэлцээрийн дүнд аливаа гамшиг тохиолдсон үед хоёр байгууллага бие биедээ тусламж дэмжлэг үзүүлэх. Гамшиг тохиолдсон нөхцөлд тус тусын оронд техник хэрэгсэл,  бараа материалыг хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрүүлж байх. Монголын Онцгой байдлын байгууллагын техник технологийг сайжруулах, хоёр орны онцгой байдлын байгууллагууд туршлагаа судлах, албан хаагчдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Ерөнхийлөгч “Антонов” т зочлов

Украйн улсын ерөнхилөгч В.Януковичийн урилгаар төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн өдөр Киев хотод орших “Антонов” ын нисэх онгоцны үйлдвэрт зочилсон юм. Дэлхий дахинд “АН” загварын онгоцоороо танил болсон тус үйлдвэр 1965-1984 оны хооронд Монгол Улсад 61 агаарын хөлөг нийлүүлжээ. Одоо ч ашиглагдаж байгаа дээрх хөлгүүдээс заримыг их засварт оруулах шаардлагатай болсон аж. Тиймээс Монгол Улсын төрийн тэргүүн айлчлалынхаа үеэр цаг зав гарган, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой мэдээлэл олж авав. Агаарын шинэ хөлгөө “Антонов”ынхан 100 мянган ам.долларын үнээр худалддаг болохоо дуулгасан. Харин онгоцыг их засварт оруулж засахад хагас сая ам.доллараар үнэлэгдэх аж. Хэдийгээр энэ үеэр АН онгоцыг Монгол Улс худалдан авах тухай гэрээ хэлэлцээр яригдаагүй боловч, хуучны АН хөлгүүдээ “Антонов” үйлдвэрээр засварлуулъя гэвэл “ногоон гэрлээр” үйлчлүүлэх боломжтой болсон шүү.

Ерөнхийлөгч Литви улсад зочилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украйн улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд энэ сарын 29-нд орон нутгийн цагаар 23.40-д Литви улсад хүрэлцэн ирсэн юм. Тус улсын нийслэл Вильнюс хотноо өчигдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын зургадугаар бага хурал эхэллээ. Энэхүү бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож байна. Мөн дэлхийн 140 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Тэднээс 40 нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн, гадаад харилцааны сайд, спикерүүд байна. Тухайлбал, Косово, Киргиз, Финлянд, Литва улсын ерөнхилөгч нар, Албани, Латви улсын спикерүүд, Словак улсын ерөнхий сайд, Европын холбооны гадаад бодлогын зөвлөхүүд дээрх бага хуралд хүрэлцэн ирээд байна. Бага хуралд оролцогчид дэлхийн ардчиллыг бэхжүүлэх нь сэдвийн хүрээнд ярилцаж буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийг уриалсан эмэгтэйчүүд: боловсролтой чадварлаг эн тэнцүү” сэдэвт өндөр өнгөрсөн онд Монгол Улсын Их хурал Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан тухай онцлон тэмдэглэлээ. Мөн одоо УИХ-аар хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг тогтоолгохын төлөө хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно гэж хэллээ.

Дашрамд тэмдэглэхэд, Монгол Улс нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх үүргийг Литва улсаас 2011 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах гэж байна. Лиссабоны бага хурлаас гарсан шийдвэрийн хүрээнд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2013 он хүртэл тэргүүлнэ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг нь ардчиллыг дэмжих, ардчиллын хэм хэмжээ, институцийг хөгжүүлэн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм. Анхдугаар бага хуралд оролцсон 106 орны төлөөлөгч Варшавын тунхаглалыг баталсан бол энэ удаагийн хурлаас Вильнюсын тунхаглалыг батална.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж