Шинэбаяр гишүүний Шинэ мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Шинэбаяр гишүүний Шинэ мэдэгдэл

Ц.
Шинэбаяр хэмээх Дорнод хязгаараас УИХ-д сонгогдсон шийртэйхэн байрын,
эгэл төрхтэй энэ монгол эр улстөрд гал цахин гарч ирсэн нь жил хүрэхгүй
хугацааны өмнөх явдал.  Түүний нөлөөгөөр монголын улстөрд маш том
өөрчлөлтүүд гарч байна. Лавтай энэ 20 жилийн туршид улстөрч гэгдэгчдийн
ярьж хэлж байгаагүй олон зүйлийг тэрээр хэлж, сануулж бас хийж ирлээ.
Саяхан түүний Өмнөговь аймагт явж ирээд хийсэн мэдэгдэл олон монгол
хүнийг сочоосон.  Монголчуудыг тэрээр сэрээж байна, бас ухааруулж байна.

Өнөөдөр
тэрээр дахин улстөрийн мэдэгдэл гаргаж, шинээр төрсөн МАХН-ын дэд
даргын албан тушаалаасаа татгалзсанаа зарлаж, өнөөгийн монголд цоо шинэ
улстөр— Хамуг Монгол үндэстнийг дээдэлсэн улстөр хэрэгтэй байгааг
тэмдэглээд тэрхүү улстөрийг ард түмэнтэйгээ хамт хийж хөгжүүлнэ гэжээ.
Тэрээр өнөөг хүртэл монголд оршиж ирсэн “бялуу хуваагч улстөр”, “бялуу
горидогч улстөрчдөөс” огт өөр үзэлтэй гэдгээ харуулж, зүгээр ч нэг
улстөрч биш жинхэнэ төрийн хүн (Statesman) гэдгээ нотлов бололтой.
Түүний мэдэгдэлийг дор сийрүүллээ. Монголын улстөрд парадигмийн шилжилт
авчирж буй түүнд амжилт хүсье.

Хүн төрөлхтөний бахархал болсон 
“Хамуг Монгол”-ыг
бид хамтдаа бүтээж чадна
УЛС ТӨРИЙН МЭДЭГДЭЛ

УИХ-ын гишүүн Ц. Шинэбаяр
Төр
хэмээх ойлголт бол нэгэн хувь тавилантай ард нийтийн хамтын амьдралаас
улбаатай. Аливаа төрийн эзэн болсон үндэстэн гэсэн ойлголтыг “нэгэн хувь
тавилангийн төлөө хамтран амьдарч буй ард түмэн” гэж тодорхойлдог.
                         
Хувь
тавилан нэгт Хамуг Монголын ард түмэн хоёр замаар улстөрөө хийх
учиртай. Нэгдүгээрт: Хамуг Монголоос томилолт авсан төлөөллийн
байгууллагууд болох Хууль тогтоох засаглал, Гүйцэтгэх засаглал, Шүүх
засаглалаар дамжуулан улстөрөө хийх. Хоёрдугаарт: Хамуг Монголын ард
түмэн төлөөлөгчөөр дамжуулахгүйгээр шууд өөрсдөө улстөрөө хийх зам.  
                        
Хэрэв
Хамуг Монголоос томилолт авсан засаглалын байгууллага дахь төлөөлөгчид
Хамуг Монгол үндэстэнийг үл ойшоож хувийн “дур”-аар улстөр гээчийг хийнэ
гэж зүтгэвэл улстөрийн жинхэнэ утга ерөөсөө байхгүй болохыг бид харлаа.
Монголын улстөрийн намууд, иргэний нийгэм эцэстээ “Хамуг Монголын
хүсэл”-ийг хөсөрдүүлсэн учраас “өнөөдөрийн монголд улстөр гэдэг ойлголт
нэгэнт байхгүй болжээ” гэдгийг би саяхан хэвлэл мэдээллээр дамжуулан
хувь тавилан нэгт Хамуг Монголчууддаа мэдээлэл хийсэн. 

“Улстөр
нь үхсэн” өнгөрсөн 20 жилийн амьдралыг хараад “улстөрийн” гэдэг
тодотголтой бүх шатны инситуц, байгууллагуудад Хамуг Монгол ард иргэд
итгэл алдарч “улстөрийн” тодотголтой тэдгээр байгууллагууд болон Хамуг
Монголын ард иргэд нэгэн голын хоёр талд гарсан мэт хоорондоо бүрэн
тусгаарлагдсан болохыг өмнө нь нийт ард түмэндээ мэдэгдсэн билээ.

Уг
нь “Хамуг Монгол” гэвэл “улстөр” буюу “политик”-ийг ярьж байна,
“улстөр” буюу “политик” гэвэл “Хамуг Монгол”-ыг ярьж байна гэж ойлгогдох
ёстой. Гэтэл өнөөгийн Монгол дахь “Хамуг Монгол”-ыг орхигдуулсан
“улстөр” гэгч нь “худлаа”, “хуурамч”, “буруу” бас “алдаатай” улстөр болж
таарч байна.  

Үнэн
улстөр Монголд оршин байна гэвэл тэр нь Хамуг Монгол Үндэстний л улстөр
байх учиртай. Хамуг Монголын эрх ашиг байхгүй бол улстөр байхгүй л
гэсэн үг. Иймээс улстөр хийе л гэвэл тэр нь “Хамуг Монгол Үндэстний
улстөр” байх ёстой бөгөөд энэ улстөрд нэг ч Монгол хүнийг орхигдуулахгүй
байх учиртай.

Өнөөдөр
Монголд монгол хүнийг орхигдуулсан “худлаа”, “хуурамч” “улс төр” гэгч
хий үзэгдэл амилсанаас монгол хүн эх орондоо хэн ч биш болж, тусгаар
тогтнол, бүрэн эрхт байдлаа алдаж, хүний наад захын амьдралын баталгаа
үгүй болж, олон зуун мянгаараа харийн оронд дүрвэн амьдарч, эх орондоо
боолоос долоон дор хөдөлмөр эрхэлж, үндэстэний оршин тогтнох баталгаа
болсон охид, хөвгүүдийн маань амьдрал ирээдүйгүй, харанхуй бүүдгэр болж,
азай буурал өвгөд эмгэд маань санаашран шүүрс алдаж, Хамуг Монголын
тулгуур болсон идэр насныхан маань хийж бүтээх нөхцөлгүй нийгэмд амиа
аргацаан цагийг өнгөрөөж, цөөн тооны эрх баригчид байгалийн баялаг,
газар шороогоо энэ нутаг дэвсгэрийн эзэн болсон Хамуг Монгол үндэстний
зөвшөөрөлгүйгээр гадаадынханд аль хэдийн худалджээ. 

Хамуг
Монголын үе, үеийн өвөг дээдсийн халуун цусаараа хамгаалж үр хүүхэд
бидэндээ өвлүүлж өгсөн байгалийн баялгийг үнэ цэнэгүйдүүлэн харийнханд
найр тавин өгч, эргэж нөхөгдөхгүйгээр сүйтгэн цөлмүүлж, Монгол хүнгүй
Монголыг бүтээх төслөө хэрэгжүүлж байгаа одоогийн “монгол нэртэй,
хоноцын сэтгэлтэй” хэдхэн тооны эрх баригчид дураараа авирлаж байгаа энэ
үед асуудлыг цөөхөн хэдэн хүн шийдвэрлэх ямар ч утгагүй болсон тийм цаг
үетэй Хамуг Монгол тулгараад байна.

Хүн
төрөлхтөний агуу түүхийг бүтээж явсан Хамуг Монгол өөрийн улстөрөө
өөрсдөө хийх цаг ирлээ. “Хамуг Монголын эвсэл” ч нэн тэргүүнд
байгуулагдах шаардлага гараад байна.
“Хуурамч
улстөр”-д Хамуг Монгол хууртагдахгүй нь ч нэгэнт тодорхой болов. Хамуг
Монгол Үндэстэн өөрийн хувь тавилангийн төлөө нэг ч Монгол хүнийг
орхигдуулахгүйгээр улстөрөө хийхээр шийдсэн учир УИХ-ын гишүүний хувьд
би ч Хамуг Монголын улстөрөө Хамуг Монголтойгоо хамтдаа хийхээр шийдлээ.

Хамуг
Монголын улстөрийн эрхэм чухал зорилт бол Монголын төрийн жинхэнэ эзэн
болсон Монгол үндэстнээ орхигдуулсан өнөөгийн “Үндсэн хууль” гээчийг
халж “Хамуг Монголыг дээдэлсэн”, “Монголын төр зөвхөн Монгол хүний
төлөө” гэсэн үзэл баримтлалаар “Хамуг Монголын шинэ Конституц”-ыг батлах
явдал мөн. 

Өнөөгийн
цаг үед үүссэн нөхцөл байдал энэхүү “шууд ардчилал буюу ард түмэн
өөрсдөө улстөрөө хийх замыг” сонгохыг шаардаж байна. Хүн төрөлхтөний
бахархал болсон “Хамуг Монгол”-ыг бид хамтдаа бүтээж чадна. “Хамуг
Монголын улстөр” эхэлж цээж тэнэгэр, тэргүүнээ өргөсөн Монгол хүн босч
зогслоо. 

НЭГ Ч МОНГОЛ ХҮН ГАДУУР ОРХИГДОХ ЁСГҮЙ.

Улаанбаатар хот
2011 оны 6 дугаар сар 30

http://buyantsogtoo.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж