Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчдийн төлөө газраас зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглан автомашиныг зөөж шилжүүлэх, дугуй түгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга дур мэдэн шийдвэр гаргаж нэг автомашиныг зөөж тээвэрлэхдээ 70-80 мянган төгрөгийн хураамж авч байсан нь хууль зөрчсөн гэж үзжээ.
Харин эрх үүргийнхээ дагуу ЦЕГ-ын дарга өнгөрсөн оны 11-р сарын 21-нд тушаал гаргаж тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх мөнгийг 55 мянга болгосон нь хуульд нийцэж байгаа гэж үзжээ.
Мөн энэ шалгалтын үеэр НИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн оны зургадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хууль зөрчсөн гэж үзжээ.
Харин ШӨХТГ-аас 2014 оны 11-р сарын 20-оос өмнө машинаа ачуулж 70-80 мянган төгрөг төлсөн болон дугуйгаа түгжүүлж төлбөр төлсөн жолооч нар шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгөн төлбөрөө буцаан авах нь нээлттэй гэж мэдэгдлээ.