Барилгын компаниуд ажлаа эхлүүлж, олон давхар барьсныхаа дараа зөвшөрөл хөөцөлддөг тохиолдол өдийг хүртэл байсаар байна. Үүний нэг жишээ нь “Угалз холдинг” компани юм. Тус компани айлын хашаатай зэрэгцүүлэн өргөх каран босгож барилгын ажил явуулж байгаа ч хөдөлмөр хамгааллаа огтхон ч шийдэгүй байгаа нь иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчөөд байгаа талаар оршин суугчид гомдол гаргасан юм. Аливаа барилга барьж байгаа тохиолдолд өргөх караны радиусд хашаа байшин битгий хэл амьд хүн байхыг хориглосон хууль эрх зүйн орчин монголд бий. Гэтэл угалз холдинг компани өнгөрсөн жилийн хавраас эхлэн Сүхбаатар дүүргийн IX хорооны дугаар тоотын айлын хашаа байшинтай зэрэгцүүлэн өргөх каран босгож, барилгаа найман давхар хүртэл барьжээ. “Угалз холдинг” компани жил гаруйн хугацаанд барилгын ажлаа шөнө өдөр ялгалгүй үргэлжлүүлж байсан атлаа өнөөдөрийг хүртэл барилгын орчин тойрны оршин суугчдын аюулгүй байдлыг хангасан нэг ч ажлыг хийгээгүй байна.