Англичууд Диана гүнжийг дурсч байна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Англичууд Диана гүнжийг дурсч байна

Уэльсийн гүнж Диана хэрэв амьд байсан бол өнөөдөр 50 нас хүрэх байжээ. “Daily mail” сонин Диана гүнжийн зургийг компьютер графикийн аргаар хэнийг ч ялгадаггүй хөгшрөлт, үрчлээстэйгээр төсөөлөн үзүүлсэн байна. Магадгүй Диана  одоо ч амьд сэрүүн байгаа өөрийн ээж,  цэнхэр нүдтэй, дэгжин хатагтайтай адилхан өтлөх  байсан биз ээ. Хандив буяны үйлсэд гар бие оролцож, ядарч зүдэрсэн хүмүүст тусламжийн гараа харамгүй сунгаж байсан эелдэг инээмсэглэлтэй тэр бүсгүйд англичууд хир халдаадаггүй бөгөөд түүнийг Вильям, Кейт нарын хуримыг үзэх байсан гэцгээдэг. “Daily mail” сонинд Уэльсийн гүнж Дианаг хэрэв амьд байсан бол “Кейтийн ээжтэй сайн найзууд болж, бэрийнхээ сайн зөвлөх болох байсан” гэжээ. Тэр бүү хэл хэт хуучинсаг Английн язгууртнууд дотроос хамгийн дэгжин нь байсан Дианаг загварын сонголтоор АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамаг ч дагуулахгүй байсан гэх хүмүүс ч байгаа гэнэ. Хунтайж хуримынхаа өмнө сүйт бүсгүйтэйгээ Алторп арал дээрх ээжийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүлсэн ажээ. Диана гүнжийг хунтайж Чарльзаас салж, Уэльсийн гүнж хэргэмийг нь унагахад 14 настай байсан хунтайж Вильям ээждээ “Би хаан болохоороо танд тэр хэргэмийг буцааж өгнө” хэмээн хэлж байжээ. Хэдийгээр Диана Английн хатан хааны гэр бүлийн гишүүн байхаа больсон ч тэрээр Уэльсийн гүнж нэрээр мөнхөрсөн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж